Хэрэв та “Lie to me” гэдэг киног үзэж байсан эсвэл биеийн хэлэмжийн талаар тодорхой мэдлэгтэй бол энэ нийтлэлд өгүүлэх зүйлсийг хялбархан ойлгох боломжтой. Бид хүмүүстэй уулзаад бий болсон мэдрэмж, анхны сэтгэгдэл, тэр хүний талаарх мэдээллүүдийг цуглуулан ирээдүйн талаар таамаглал, цаашид тухайн хүүнтэй хэнтэй харилцах талаар дүгнэлтүүдийг өөртөө бий болгодог. Гэхдээ гэрэл зургийг хараад тийм дүгнэлт хийх боломжтой болов уу? Бид фэйсбүүк эсвэл инстаграм дээрх хүмүүсийн зургийг харахдаа хаана авхуулсан, хэнтэй хамт байгаа, ямар хувцас өмссөн, сайхан харагдаж байна уу үгүй гэдгийг нь голчлон анзаардаг.

Гэрэл зураг дуу хоолойг бичиж үлдээдэггүй болохоор тэдний бодол мэдрэмжийг таах хэцүү байдаг. Гэхдээ яг үнэндээ бид өөрсдийн бодож байгаа зүйлийг үг яриагаар биш биеийн хэлэмжээрээ илүүтэй илэрхийлдэг.

Магадгүй биднийг хамгийн сайн ойлгодог хүмүүс нүднээс эсвэл биеийн хэлэмжээс маань хараад юу хүсээд байгааг, юу таалагдахгүй байгааг тааж мэддэг. Тэгвэл сайн танихгүй байсан ч бусдын гэрэл зургийг хараад тэдний бодол, мэдрэмж, харилцааны талаар дүгнэлт гаргах боломжтой юу? Сэтгэл судлаачид биеийн хэлэмж хэл ярианаас илүү мэдээллийг илэрхийлдэг гэдгийг батлан хэлдэг. Учир нь бидний биеэр илэрхийлж харуулж байгаа бүхэн бидний “ухамсаргүй”(unconscious)-ээс гарч байдаг.

“БИДНИЙ БИЕ ХЭРХЭН ХУДЛАА ЯРИХЫГ МЭДДЭГГҮЙ”.

Гэрэл зурагнаас та бусдын сэтгэл хөдлөл, хүмүүс хоорондын харилцааг мэдэх боломжтой.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ

Бид зан характераа, өөрийн даввтагдашгүй онцлог шинжүүдээ биеийн хэлэмжээрээ байнга л илтгэн харуулж байдаг. Биеийн хэлэмжийн үндсэн хэдэн кодыг ойлгосноор бусдыг илүү сайн ойлгож харилцаагаа ч амжилттай удирдах боломжтой.

Зөвхөн гэрэл зурагнаас ч биш өдөр тутамдаа ч ажиглаж болох үндсэн хэдэн сэтгэл хөдлөлүүдийг тайлбарлая.

Түрэмгий байдал: Үрчийлгэсэн арьс, зангидсан гар, улайсан царай, ярзайлгасан шүд, хэн нэгэнрүү цоо ширтсэн ширүүн харц.

Уйтгар гуниг: Ядарсан царай, хоосон сэтгэл хөдлөл, ямар нэг зүйлрүү ширтсэн байдал, юм товших гэх мэт улигт зуршил, эрүүгээ эсвэл толгойгоо тулсан байрлал.

Хаалттай байдал: Элгээ тэвэрсэн, хөлөө ачсан, урдаа ямар нэг зүйл барьсан эсвэл эргэн тойрны зүйлсэд наалдсан. Өөрийгөө хааж эсвэл нуух гэсэн байрлал.

Хамгаалалт: Эрүүгээ унжуулсан, биеийн аль нэг хэсгээ халхалсан, гар эсвэл хөлөө зөрүүлсэн.

Хууралт: Худлаа инээмсэглэл, гараа халаасалсан, уруулаа хазсан, харц нь ойрын биш холын ямар нэг зүйл дээр төвлөрсөн.

Давуу байдал, хүч чадал: Хөл болон гараа хамгийн өргөн орон зайд (дэлгэх) байхаар зогсох. Хэн нэгэнрүү ширтсэн, өөртөө итгэлтэй, эрүү дээгүүр. Магадгүй хүч чадлын билэг тэмдэг болсон ямар нэг зүйлийг гартаа атгасан.

Бодлогошрох, эргэцүүлэх: Гараа зөрүүлэн атгасан эсвэл хурууны өндөгүүдийг нийлүүлэн сүм хэлбэрээр барьсан. Нүүрнийхээ аль нэг хэсэгт хуруугаараа хүрсэн (эрүү, хацар, уруул гэх мэт).

Тайван байдал: Нээлттэй гар, чангалаагүй булчин,сулласан мөр. Бие тэнцвэртэй, тогтвортой.

Романс, шохоорхол: Сайн анзаарч чадвал нүдний хүүхэн хараа томорсон, хэн нэгэнрүү чиглэсэн харц, бие эсвэл гар. Гараараа хэн нэгний эд зүйл эсвэл биед хүрсэн. Нөгөө хүнийхээ биеийн хэлэмжийг дууриасан (санаандгүй). Эсвэл өөрийн үс, урууланд хүрэх, уруулаа хазах гэх мэт.

Хүлцэнгүй байдал: Царай бага зэрэг цайсан, эрүүгээ унжуулсан, инээж байгаа боловч гунигтай нүдтэй.

ХҮМҮҮС ДУНД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Хувийн орон зай: Бид өөрийн орон зайд хамгийн ойр дотны хүмүүсээ л оруулдаг. Хэрэв өөр хэн нэгэн тэр орон зайд нэвтэрвэл бид тавгүйрхэж бухимддаг. Жишээ нь цахилгаан шат эсвэл автобус дотор шахцалдан зогсох хүмүүсийг төсөөлөөд үз лдээ. Хүмүүс танихгүй хүмүүстэй хэт ойрхон байх үедээ харцаараа аль болох холыг ширтэх гэж хичээдэг. Яг л оюун бодлоороо  ч болов хол байхыг хүсч буй мэт.

Орон зай: Сэтгэл судлалд “талбайн онол” гэх ойлголт байдаг бөгөөд бид өөрт таатай санагддаг хүмүүстэйгээ илүү ойрхон байж, таагүй харилцаатай хүмүүсээс зугтааж байдаг. Мэдээж энэ процесс “ухамсартайгаар” хийгддэггүй. Бүлэг хүмүүсийн зурагнаас хэн хэний хажууд зогсож байгааг эсвэл хэн хэний эсрэг талд байгааг анзаарч харсанаар тэдний хоорондын харилцааг мэдэх боломжтой.

Чиглэл эсвэл хүрэх: Бусадруу харах, хүрэх, биеэрээ чиглэн зогсох гэх мэт тэр хүнрүү чиглэсэн хүсэл сонирхлыг илтгэж байдаг. Эсвэл бүр эсэргээрээ үзэн ядалт, түрэмгийлэл байж болно.

Ганцаардагч: Баг бүлэг дунд бусаддаа дасан зохицож, холбоо тогтоож чадаагүй хэн нэгэн байдаг. Тэдний биеийн хэлэмж нь үл тоосон, зайлсхийсэн, хөндий, хоосон байдаг.

Байр суурь: Зурган дээрх биеийн хэлэмж тэдний багтаа сэтгэл зүйн хувьд ямар нөхцөл байдалтай байдгийг илэрхийлэх боломжтой. Давуу, эрх мэдэлтэй эсвэл нөлөө ихтэй хүмүүс ихэвчлэн урдуур зогсдог.

ХАРИЛЦАА

Нээлттэй байдал: Эгц чиглэсэн харц нь надад ямар ч нуух зүйл байхгүй гэдгийг илэрхийлдэг. Хосуудын зурагнаас тэдний хоорондын харилцааны загварыг бага ч болов мэдэх боломжтой. Салангид сандал дээр суухаас илүү буйдан дээр зэрэгцэн сууж буй хосууд, орон зайн хувьд илүү ойрхон байгаа хосууд бол харилцаандаа сэтгэл ханамжтай, тав тухтай байна гэсэн үг. Товчхондоо бие физиологийн хувьд хосуудын зүрх хоорондоо ойрхон байгаа нь сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд ч мөн ойрхон байна гэсэн үг.

Дотно харилцаа: Хосууд бие биенээ тэврэхэд тэд аарцаг хэсгээрээ нийлсэн эсвэл ташаагаараа ойрхон байвал энэ нь тэдний бэлгийн зохицолыг илтгэдэг гэж хосуудын харилцаа судлаач, зохиолч Tracey Cox үздэг.

Тэнцвэртэй байдал: Түүнчлэн хосуудын мөр болон өвдөг хоорондоо нийлж байвал тэдний харилцаа тэнцвэртэй харилцан эрх мэдэлтэй байдлыг харуулдаг бол духаа нийлүүлсэн байрлал нь итгэлцэлийн билэг тэмдэг болдог. Хэн нэгэн нь хосруугаа дөхөж эсвэл тонгойж байвал нөгөө хүнээ хүндэтгэж буйг илэрхийлдэг. 

Таагүй харилцаа: Хосуудын хооронд ямар нэг эд зүйл, эсвэл орон зай байх. Камерлуу эсвэл хосруугаа чиглээгүй харц ямар нэг зүйлийг нууж байгааг илтгэдэг. Нийтлэлийн эхэн хэсэгт дурдсан хаалттай байдлыг хосуудын аль нэг нь эсвэл хоёулаа харуулж байвал тэд хаалт хамгаалалт үүсгэж байна гэсэн үг.

Хэдийгээр биеийн хэлэмжийг танихыг тулд асар их судалгаа, туршлага, мэдлэг шаардлагатай боловч ойлгож сурсанаар үгээрээ илэрхийлээгүй үнэнг хялбархан таних боломжтой болно.

 

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements