Гунигтай үедээ дэвтэр дээр сараачмаар эсвэл бүр шүлэглэмээр санагддаг уу? Бичсэн зүйлсээ эргээд уншихаар хэтэрхий гүн гүнзгий эсвэл гутранги ч юм шиг илэрхийллүүд их уншигддаг уу? Хэрэв тийм бол өөрийнхөө сэтгэл зүйн байдал дээр дүгнэлт хийгээд нэг үзээрэй.

Сэтгэл гутрал бүх л зүйлд харах өнцгийг тань өөрчилдөг. Таны бичих, ярих, хөдлөх гээд таны илэрхийлэл бүрт нэвт шингэчихсэн байдаг. Ялангуяа та шүлэг, өгүүллэг, нийтлэл сонирхдог эсвэл бүр дуулдаг зурдаг таних тэмдэгүүд илүү бүтээлч бөгөөд өргөн хүрээнд байна.

Сэтгэл гутралаас болж амиа хорлосон уран бүтээлчдийн (Sylvia Plath, Kurt Cobain) хамгийн сүүлд туурвисан бүтээлүүдээс зарим жишээг харж болох байх.

Хэл бичиг болон сэтгэл гутрал хоорондын хамаарлыг олох гэсэн олон оролдлогууд зарим нэг дүгнэлтүүдэд хүрсэн байдаг. Тухайлбал Их Британий university of Reading-н сэтгэл гутрал, амиа хорлолтоор мэргэшсэн доктор Mohammed Al-Mosaiwi судалгааныхаа дүгнэлтээс сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн түгээмэл ашигладаг үгс болон бичих хэлбэрийг тодорхойлсон байна. Түүний судалгаа томоохон датанд тулгуурласан бөгөөд уламжлалт аргачлалыг биш харин компьютерийн програм (computerised text analysis) ашигласнаар давуу талтай. Энэ нь судлаачийн гаргах олон төрлийн алдаанаас сэргийлэх боломжтой бөгөөд үгсийн ангилал, эзлэх хувь, дундаж утга, өгүүлбэрийн урт, хэл зүйн алдаа болоод бусад хэмжигдэхүүнүүдийг тооцоолох боломжийг олгоно гэсэн үг.

Сэтгэл гутралд орсон хүмүүсийн бичиглэл АГУУЛГЫН хувьд болоод ХЭЛБЭРИЙН хувьд ялгаатай байдаг.

АГУУЛГА

Агуулга нь юуг илэрхийлж байгаа буюу ашиглаж буй үг, хэлэх гэсэн санаатай холбоотой ойлголт юм. Хүмүүс сэтгэл гутралтай үедээ өөрсдийн санааг илэрхийлэхдээ сөрөг утгатай үгсийг илүүтэй ашиглах ба “ганцаардал”, “уйтгар гуниг”, “зовлонтой” гэх мэт үгс түгээмэл байна.

Бичсэн зүйлийн сэдвээс үл хамааран эзэн бие ихэнх тохиолдолд өөрлүү чиглэсэн байдаг. Тухайлбал “би”, “миний”, “өөрөөр” гэх мэт. Энэ нь сэтгэл гутралтай байгаа үедээ бид Өөр дээрээ илүүтэй төвлөрч бусадтай харилцаа холбоо бага тогтоодогтой холбоотой.

Бие хүний асуудал дээрээ хэт төвлөрөх, нийгмээс тусгаарлагдах бол сэтгэл гутралын гол шинж.

ХЭЛБЭР

Судалгаагаар 6400 бичвэрээс 64 өөр хэлбэрийг тодорхойлсон байна. Хүмүүс ихэвчлэн “хар эсвэл цагаан” гэсэн хэлбэрээр бичдэг байна. Энэ нь “үргэлж”, “огт үгүй”, “бүр мөсөн”, “бүхэлдээ” гэсэн туйлын утга санааг илэрхийлэх үгсийг ашигладаг гэсэн үг.

 

Advertisements