Өнгөрсөн нэг сарын хугацаанд ажлынхаа үр дүнг цалингаараа хэмжсэн хэд хэдэн залуу мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсаны дараа  “Юу тэдний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг үгүй хийчих вэ?” гэж өөрийн эрхгүй бодогдсон.

Үнэндээ тэдний энэ хандлага хэсэг хугацаанд үргэлжлээд ууршин алга болох ёстой түр зуурын таагүй хямрал. Гэхдээ хэрвээ тэд энэ хямралаа урт хугацаанд үргэлжлүүлвэл яах вэ? Дахиад өмнөх шигээ салбартаа хийж бүтээе гэсэн хүсэл зорилго нь гарч ирэхгүй бол юу болох бол ?

Зарим хүмүүс нөхцөл байдлын өмнө бууж өгөхдөө цаашид ахуйн асуудлаа л шийдээд, боломжийн цалин авч байвал хангалттай гэсэн зарчимтай болчихдог. Гэхдээ тэдний дотор боломж нь олдвол гүн харанхуйгаас мөлхөөд гараад ирэхийг хүсч байгаа эр зориг, догдолсон амбиц бий. Гагцхүү чиглэх чиглэл нь л өөр болохоос догдолж тэмүүлэх нь хүн бүрийн хувьд адил илэрцтэй байх нь гарцаагүй.

Таны дотор байгаа тэр зүйл дурсамж эсвэл мөрөөдөл гэдгээс үл хамааран бусдад, хэн нэгэнд бүр дэлхий ертөнцөд санал болгох зүйл бий.

  • Ямар нэг зүйлийн төлөө тэмц
  • Хамгаал
  • бич
  • Бүтээ
  • Хүсэж мөрөөд
  • Зохион байгуул
  • Удирдан чиглүүл
  • Таслан зогсоо

Бид яагаад мөнгөний төлөө ажиллах хэрэггүй вэ?

Бид дунджаар 30-40 жилийг идэвхитэй ажиллаж өнгөрөөдөг бөгөөд энэ хугацаанд хийсэн бүтээлээр 50 жилийн дараах амьдралынхаа сэтгэл ханамжийг бүрдүүлдэг.

Таны хийж бүтээсэн зүйл таныг илэрхийлэх нэг хэсэг болоод зогсохгүй, таны үзэл бодол, итгэл үнэмшил хэр удаан оршин тогтнохыг тодорхойлдог.

“Мөнгө хэзээ ч урт хугацааны үнэ цэнийг бий болгодоггүй”. Мөнгөний төлөө ажилласан он жилүүд тэр жилүүдтэйгээ л дуусна, та олсон хөрөнгөө зарцуулаад л дуусгана.

Харин өөрийн дотор байгаа “уур”, “гомдол” буюу өөрчлөхийг хүссэн тэр зүйлийнхээ төлөө зоригтойгоор, зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал үр дүн нь таныг нам гүмхэн байшиндаа ач зээ нараараа хүрээлүүлэн суух он жилүүдэд бахархал, дурсамж, сэтгэл ханамж, хүндэтгэл болон эргэн ирэх болно.

Танд хэдий чинээ гомдол/уур байна тэр хэмжээгээр боломж байна гэсэн үг. Хаана хамгийн их гомдол цугларч байна тэнд таны боломж байна. Гомдоллож байгаа асуудлаа шийд.

Сэтгэл судлаач: Б.Ганзул

 

Advertisements