Бүхий л хил хязгаар хоёр үндсэн зорилгоор бий болдог. Гаднаас оруулахгүй, дотроос гаргахгүй гэж. Зарим тохиолдолд бидний өөрөөрөө байх, эсэргүүцэн зөрүүдлэх гэнэхэн хүсэл маань хил хязгаарыг давахад хүргэдэг. Даваад гарсан тохиолдолд нэг бол харамсаж үгүй бол нүд нээгддэг. Гэхдээ энэ нийтлэлд давж гараад өөрийгөө чөлөөлдөг биш харин давж гараад бурууддаг хил хязгаарын тухай ярих болно. Тэр нь ёс суртахууны хил хязгаар юм. Учир нь ёс суртахуунтай холбоотой асуудлаар сэтгэл судлаачид хандаж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд нэг бол огт хил хязгааргүй үгүй бол түүнийгээ хэд хэдэн удаа давчхаад эргээд бий болгож чаддаггүй тохиолдлууд байдаг.

Гэхдээ үнэхээр ёс суртахууны хил хязгаар хэрэгтэй юу? Мэдээж тийм. Тийм тиймдээ “том” тийм. Хил хязгаар үгүй бол бид өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйд хүргэх үйлдлүүдийг хийж орхидог. Зөвхөн энэ ч биш нэг удаа хил хязгаарыг давсан хүн дараагийн удаа дахин давах магадлал өндөрсдөг бөгөөд давах бүрдээ ёс суртахуунаасаа улам бүр холдсоор байдаг. Тийм ч учраас анхнаасаа өөрийгөө тойруулан ёс суртахууны хатуу чанга хил хязгаар тогтоогоод авчихсан байх нь тун боломжийн санаа.

  • Танд ёс суртахууны хил хязгаар гэж байдаг уу?
  • Танд хийж болохгүй зүйлсийн жагсаалт байдаг уу?
  • Та бусдад уруу татагдахгүйгээр өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байж чаддаг уу?

Хэрэв дээрх гурван асуултад үгүй гэж хариулбал та ёс суртахууны талаар илүү нухацтай бодож үзсэн нь дээр.

Ёс суртахуун гэж юу вэ?   

Бид хэн нэгнийг ажиглаад ёс суртахуунтай үгүйг нь хэлж чаддаг мөртлөө ёс суртахууныг юугаар тодорхойлох вэ гэдэгт оновчтой хариулт өгч чаддаггүй. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ёс суртахууныг бусад судлагдахуунуудын адилаар олон талаас нь тайлбарлаж судалсан байдаг. Тухайлбал “психоанализ” загвар нь (Sagan, 1988 гэх мэт) нийгмийн хэм хэмжээг үйлдэл болгон хувиргаж буйг (ухамсар, суперэго) болон өөрийгөө буруутгах сэтгэл хөдлөл (харамсал гэх мэт) дээр илүү төвлөрдөг. Харин “бихевиорист” буюу зан үйлийг голчлон судалдаг судлаачдын хувьд (e.g., Pelaez-Nogueras & Gewirtz, 1995) хуваалцах, туслах, мэхлэх зэрэг ёс суртахууныг илэрхийлэх үйлдлүүдээр илүү тайлбарладаг бол нийгэм соёлын онолчдод соёл хоорондын үнэт зүйлийн ялгаа, бие хүний онцлог (храктер) болон танин мэдэхүйн загвар (e.g., Staub, 1979)-г илүү онцолж үздэг. Харин биологичдын хувьд хөгжлийн процесс, зан храктерын генетик, даавар болон тархины үйл ажиллагаатай холбож үзэх нь илүүтэй (e.g., Alexander, 1987).

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хийгдсэн судалгаа, дата мэдээллүүд нь ёс суртахууны хөгжил, нөлөөлөл, ач холбогдол болоод ёс суртахууныг бүрэлдүүлэгч суурь ур чадваруудыг тодорхойлох боломж олгосон. Эдгээр нь

  • нийгмийн чиг баримжаа,
  • өөрийн хяналт,
  • хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх,
  • өөрийн үнэлэмж,
  • эмпати,
  • итгэл үнэмшил,
  • ёс суртахууны үндэслэлт,
  • энэрэнгүй үзэл   

Нийгмийн чиг баримжаа

Нийгмийн чиг баримжаа нь яагаад олон төрлийн храктер байдаг болоод хүмүүс хэрхэн нийгэмдээ дасан зохицож буйг тайлбарлах ойлголт болдог. Сэтгэл судлаачид нийгмийн чиг баримжааг ашиглан бие хүний зан төлөвийг  болоод бүлгийн хандлага болон зан үйлийг тайлбарлах /таамаглах/-д ашигладаг. Нийгмийн чиг баримжаа хэрхэн өгөгдсөнөөс бие хүний сэтгэл зүйн эрүүл мэнд шалтгаалдаг. Нийгмийн чиг баримжаа тогтоход нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь ээнэгшилт юм. Ээнэгшилт нь хүүхэд болон эцэг эх хооронд бий болох онцгой нөлөө бүхий холбоо харилцааг хэлдэг. Ээнэгшилт нь нийгмийн чиг баримжаа өгөгдөх суурь болдог бөгөөд цаашид нийгэмд болоод бусад хүмүүстэй амжилттай харилцах загвар үүсгэдэг. (Ainsworth et al., 1978; Bowlby, 1969) Зарим судлаачид “антисошиал” (antisocial) зан төрх нь ээнэгшилт дутагдсаны үр дагавар гэж үздэг. Ainsworth et al. (1978)

Өөрийн хяналт

Хэдийгээр ёс суртахууны талаарх олон талт үзэл хандлагууд байдаг ч судлаачид өөрийн хяналт дээр санал нэгддэг. Өөрийн хяналт нь хүүхдийн Булчингийн үйл ажиллагаатай зэрэгцэн хөгждөг. Магадгүй хамгийн эхний илрэл нь нойлд бие засч сурах үйл явц юм. Хэдийгээр өөрийн хяналт нь эрт төлөвшдөг боловч сургуулийн насанд илүү нарийвчлан судлагдсан байдаг.

Хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх

Ёс суртахуун хөгжихөд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь гаднаас ирж буй хэм хэмжээ юм. Хүүхэд өөрийн чихрийг бусадтай хуваалцах, найзуудтайгаа тоглоомоор хамт тоглох зэрэг бүлгийн стандарт хэм хэмжээг зан үйл болгон өөртөө суулгаж байгаа нь хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх процесс юм (Eisenberg & Mussen, 1989). Ойролцоогоор 18-19 сартайгаас эхлэн хүүхэд ээжийнхээ шаардлагыг биелүүлж эхэлдэг.

Өөрийн үнэлэмж

Өөрийн үнэлэмж гэдэг нь хувь хүн өөрийн бусдаас ялгаатай шинжүүдийг хүлээн зөвшөөрч  бусадтай ижил түвшинд авч үзэх хандлага юм. Хүүхэд насанд бий болж байгаа өөрийн үнэлэмж нь насанд хүрсэн хойно сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг бол эсрэгээрээ өөрийн үнэлэмж доогуур бол хожим сэтгэл гутрал болоод айдас түгшүүр зэрэг өвчлөлд өртөх магадлал өндөрсдөг  (Harter, 1997) байна.

Эмпати

Бусдын сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг ойлгох чадвар буюу эмпати нь ёс суртахууны бас нэгэн гол илэрхийлэл юм. Ёс суртахуун нь нэг талаасаа бусдын сэтгэл хөдлөлийг дэмжих хариуцлагыг хүлээдэг гэдэг утгаараа эмпати нь ёс суртахууны суурь чадвар болдог. Эмпати-г тайлбарласан олон үзэл баримтлалууд байдаг боловч Мартин Хофмэн (1991)-ий тайлбар хамгийн алдартай. Хофмэн өөрийн нөхцөл байдлаас илүүтэйгээр бусдын нөхцөл байдал мэдрэмжийг ойлгох, хүлээн авах чадварыг эмпати чадвар гэж тодорхойлдог.

Итгэл үнэмшил

Итгэл үнэмшил нь ёс суртахууны талаар дотоод ухамсар юм. Өөрөөр хэлбэл юуг зөв юуг буруу талаарх бие хүний итгэл үнэмшлийг тодорхойлно. Кочански болон түүний хамтрагчид итгэл үнэмшлийг хоёр үндсэн мэдрэмжээс бүрддэг гэж үздэг (e.g., Kochanska, et al., 1994; Kochanska, Murray, & Coy, 1997). Тэдгээр нь гэм буруутайн мэдрэмж (гэмших, харамсах, хохирогчийг өрөвдөх) болоод ёс суртахууны зохицуулалт (хянах, сэргийлэх, гэм бурууг залруулах гэх мэт) юм.

Ёс суртахууны үндэслэл

Итгэл үнэмшилтэй нэгэн адилаар юуг зөв буруу гэж тодорхойлж буй ойлголт боловч ёс суртахууны үндэслэл нь хөгжлийн процесстэй илүү холбогддог. Ёс суртахууныг өөртөө тогтооход гэр бүлийн орчин, соёлын ялгаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.

Энэрэнгүй үзэл

Энэрэнгүй үзэл бол бусдад өгөх хандлага юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд энэ талаарх судалгаа, туршилтууд их хийгдсэн байдаг. Ингэхдээ бусдад туслах, бэлэглэх, өгөх зэрэг үйлдлүүдээр эсвэл бие хүний зан храктераар тайлбарлагддаг. Айзенберг болон Муссэйн нар (1989) энэрэнгүй үзэл тогтсон хүүхдүүд нийтэч, өөртөө итгэлтэй, бүлэг дундаа нэр хүндтэй, дүрэм журмыг баримталдаг, өрөвч сэтгэлтэй байдаг гэжээ.

КОЛБЕРГ

Ёс суртахууны талаар онол үзэл хандлага хөгжихөд Лауренс Колберг (1958)-н  нөлөө их. Тэрээр учир шалтгаан болон шийдвэр гаргалт дээр тулгуурлаж ёс суртахууны талаарх онолоо гаргасан байдаг.  Колберг Пиажегийн  гучин хоёр онд дэвшүүлсэн ёс суртахууны онолыг хүлээн зөвшөөрч улам хөгжүүлэхийг хүсч байсан юм.

Тэрээр Пиажегийн “түүх хүүрнэх” аргачлалыг ёс суртахууны кэйсүүд дээр ашиглаж байв. Кэйс бүрт тэрээр шударга бус нөхцөл байдалд буй бие хүний ёс суртахуун болон хэрэгцээ хоорондын асуудлыг сонголт болгон оруулж байв. Түүний алдартай нэгэн түүх нь Европын хаа нэгтээ амьдардаг Хайнц нэртэй залуугийн тухай өгүүлдэг.

Дилемма 1

Хайнц-н эхнэр хорт хавдараас болж зовж шаналж байгаа бөгөөд эмч шинээр гарсан эм түүнийг аварч магадгүй гэж хэлэв. Түүний итгэл найдвар болсон эмийг орон нутгийн нэгэн эмийн санч зохион бүтээсэн бөгөөд Хайнц түүнтэй холбогдож эмийг авахыг шаргуу оролдож байсан ч эмийн санчийн санал болгож буй үнийг тэрээр төлж дийлхээргүй байв. Хайнц гэр бүл болон найзуудаасаа мөнгө цуглуулсан боловч төлбөрийн дөнгөж хагасийг нь л олж чаджээ. Тэрээр эрдэмтэнд эхнэрийнхээ биеийн байдлыг учирлаж эмийн үнийг арай хямдруулхыг эсвэл үлдсэн мөнгийг нь дараа өгөх нөхцөлийг санал болгож учирлажээ. Эмийн санч түүний саналыг татгалзсан бөгөөд эмнээсээ мөнгө олохын тулд зохион бүтээсэн гэж хэлжээ. Хайнц эхнэрээ аврахын тулд эцэж ядарсан бөгөөд маргааш орой эмийн санруу дайрч эмийг хулгайлав.

Колберг дээрх түүхтэй холбоотойгоор хэд хэдэн асуултыг дэвшүүлэн тавьдаг.

  1. Хайнц эмийг хулгайлах нь зүй ёсны үйлдэл мөн үү ?
  2. Хэрэв Хайнц эхнэртээ хайргүй байсан бол нөхцөл байдал өөр байх байсан уу?
  3. Хэрэв хорт хавдартай хүн танихгүй хүн байсан бол Хайнц эмийг хулгайлах байсан уу ?
  4. Хэрэв Хайнцын эхнэр үхсэн бол цагдаа нар эмийн санчийг баривчлах хэрэгтэй юу?

Дилемма 2

Хайнц эмийг хулгайлаад эхнэртээ өгөв. Дараагийн өдөр нь сонин дээр дээрмийн тухай мэдээ гарсан байлаа. Хайнцийг мэддэг байсан цагдаагийн офицер Браун Хайнцийг эмийн сангаас гараад гүйж байсныг харснаа санаад хулгайг тэр хийснийг ойлгов. Цагдаа энэ талаар мэдэгдэх ёстой юу гэдэгтээ эргэлзэв.

  1. Цагдаа Хайнцийг хулгай хийснийг мэдэгдэх ёстой юу? Тийм бол яагаад ?
  2. Цагдаа Хайнцийн дотны найз гэж бодъё. Тэгвэл тэр түүний талаар тайлан өгөх ёстой юу? Тийм эсвэл үгүй бол яагаад ?

Дээрх асуултуудаар насны хувьд ялгаатай хүүхдүүд дээр судалгаа хийсний дараа Колберг хөгжлийн процесийн явцад ёс суртахуун хэрхэн өөрчлөгддөг болохыг тодорхойлсон. 1984 онд хийгдсэн судалгаа нь 10-16 насны 72 хөвгүүнд дээр туршигдсан бөгөөд тэдний 58-г нь 3 жилийн давтамжтайгаар 20 нас хүртэл нь судалсан.

Хүүхэд бүртэй 2 цагийн хугацаанд ярилцлага хийж тэдний зөв бурууг хэрхэн ялгаж байгааг сонирхож байв. Колберг хүүхдүүдийн өгч буй хариулт нас ахих тусам өөрчлөгдөж байгааг ажигласан.  Түүнийхээр ёс суртахуун хөгжих ялгаатай 3 үе 6 шат байдаг бөгөөд үе бүр 2 дэд шаттай байна. Хүн бүр энэхүү ёс суртахууны үе шатыг дарааллын дагуу даван туулдаг ч хүн бүр ёс суртахууны үе шатуудын эцэст нь хүрээд байдаггүй.  

ЁС СУРТАХУУНЫ ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

ЁС СУРТАХУУНЫ ӨМНӨХ ҮЕ

Эхний шат: Шийтгэл болон дуулгавартай байдал

Ихэвчлэн 9 болон түүнээс доош насныхан. Тэдэнд ёс суртахууны талаарх өөрсдийн загвар байдаггүй. Тэдний ёс суртахууны хэм хэмжээ нь эцэг эх эсвэл насанд хүрэгчдийн тогтоосон дүрэм журмаар хэмжигддэг. Тэд дүрмийг дагах уу эсвэл зөрчих үү гэсэн сонголтыг хийж байдаг. Ёс суртахууны шалтгаан нь хувь хүнээс үл хамаардаг бөгөөд аливаа үйлдлийн үр дүн нь физиологийн хэрэгцээнд тулгуурлах нь их. Эцэг эхээсээ шийтгэл хүлээхгүйн тулд хүүхдүүд зөв үйлдэл хийдэг. Хэрэв хүүхэд шийтгүүлсэн бол тухайн үйлдэл түүний хувьд алдаатай үйлдэл юм.

Хоёр дахь шат: Бие хүний ашигт чанар

Энэ үе шатанд (ихэнх өсвөр насныхан болон насанд хүрэгчид) ёс суртахууны хэм хэмжээ нь “дүр”-тэй холбогдож тогтдог. Ёс суртахууныг дагаж мөрдөхдөө шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаггүй учир харъяалагдаж байгаа бүлгийнхээ зөв буруугийн хэм хэмжээг тэр хэвээр нь дагаж мөрддөг. Энэ шатанд мөн ёс суртахууны хэмжигдэхүүн бие хүн бүрт өөр гэдгийг ойлгоно.

ЁС СУРТАХУУНЫ ҮЕ

Гурав дахь шат: Хувиа бодох болон тохиролцох  

Бие хүний ёс суртахууны хэм хэмжээ хувь хүний өөрөө бий болгосон хэмжээс дээр тулгуурладаг. Колбергийн үзэж байгаагаар ихэнх хүмүүс ёс суртахууны энэ үе шатанд хараахан хүрдэггүй. Учир нь хүмүүс ёс суртахууны хэм хэмжээг өөрөө бий болгох нь их ховор бөгөөд зөвхөн эргэн тойрондох хүмүүсийн зөв буруугийн хэмжүүрийг өөртөө суулгадаг. Нийгэм болон бүлэгтээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийн хяналтаа хөгжүүлдэг. Түүнчлэн хариу үйлдэл бусдын зөвшөөрлийг шаардаж байдаг.

Дөрөв дэх шат: Эрх мэдэл болон нийгмийн хэм хэмжээ

Бие хүн нийгмийн хэм хэмжээг илүү өргөн хүрээнд ойлгож эхэлдэг нийгмийн шийтгэлээс зайлсхийх үүднээс дагаж мөрддөг. Нийгмийн шийтгэлээс зайлсхийхийг эрмэлзэнэ.

ЁС СУРТАХУУНЫ ДАРААГИЙН ҮЕ

Тав дахь шат: Нийгмийн тохироо ба хүний эрх

Хэдийгээр нийгмийн дүрэм журмыг дагаж мөрдөх боловч бие хүний ашиг сонирхол, хэрэгцээнд ач холбогдол өгнө. Хэйнз-н кэйс нийгмийн дүрмийг баримтлах эсвэл амьд үлдэхийн төлөөх тэмцэл хоорондын зөрчлийн тод жишээ болно.

Зургаа дахь шат: Нийтлэг ёс суртахууны зарчим ба бие хүний итгэл үнэмшил

Энэ үе шатанд бие хүн өөрийн ёс суртахууны итгэл үнэмшлийг бий болгосон байдаг бөгөөд энэ нь нийтлэг зарчимтай таарахгүй байж болно.

ТҮҮНИЙГ ХИЙХИЙН ТУЛД ҮҮНИЙГ ХИЙХГҮЙ БАЙХ

Ёс суртахууны талаарх энэ бүх мэдээллийн дараа “үүнийг” хийхгүй байхдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж хамгийн түрүүнд “түүнийг” болон “үүнийг”-ээ тодорхойлоорой. (таны цаашид хийх болон хэзээ ч хийхгүй зүйлсийн жагсаалт)

 

Ашигласан материал

  1. “Fostering Goodness: Teaching Parents to Facilitate Children’s Moral Development”, Marvin W. Berkowitz, PhD, John H. Grych

 

Advertisements