Та үйлчлүүлэгчийнхээ эсвэл шинэхэн танилцсан танилынхаа нэрийг яаж тогтоодог вэ? Эсвэл банкны карт, имэйл хаяг, сошиал медиа дахь бүртгэлийнхаа нууц дугаарыг хэрхэн марталгүй санадаг вэ?

Өдөр тутмын амьдралын хэв маягаас эхлээд бүхий л салбарт ой тогтоолт бол түлхүүр чадвар байдаг. Магадгүй танд илүү хүчирхэг ой тогтоолттой байсан бол гэсэн төсөөлөл хэзээ нэгэн цагт төрж байсан биз. Гэхдээ бид бодож байгаагаасаа илүү их зүйлийг цээжлэх боломжтой бөгөөд дараах ойлголтууд танд ой тогтоолтоо илүү сайжруулах загварыг санал болгоно гэж найдаж байна.

Ой тогтоолын процесс

Бодох процесс хэрхэн өрнөдөг талаар мэддэг бол тархины үйл ажиллагаа нарийн төвөгтэй болохыг ойлгодог гэсэн үг. Хэдэн мянган нейроноос (мэдрэлийн эс) тогтох тархи мэдрэхүйн эртхэнүүдээр дамжуулан мэдээллийг хүлээн авч бас дамжуулж байдаг. Нейроны мэдээллийг дамжуулдаг замыг синапс гэдэг. Синапсууд яг л булчинтай адил олон удаагийн давтамжийн (ашиглах) нөлөөгөөр илүү хүчирхэг болдог. Бидний ихэнхи нь банкны дансны дугаараас илүүтэй хүүхэд байхдаа амьдардаг байсан гэрийн хаяг эсвэл утасны дугаарыг илүү тогтоосон байдаг нь давталын хүчийг тодорхойлох нэг жишээ юм. Харин синапсын сул холбоосууд нь нейрон хоорондын холбоосуудыг дэмждэггүй.

ой тогтоолт

Мэдээллийг  тогтоохын тулд бид эхлээд кодлох шаардлагатай болдог. Бүхий л мэдээллийг кодлох үндсэн гурван арга байдаг. Эдгээр нь:

  1. Харааны (зураг)
  2. Сонсголын  (дуу чимээ)
  3. Утгын (логик, утга зүй)

Жишээ нь та утасны дугаарыг хэрхэн цээжилдэг вэ? Хэрэв тоонуудыг харж тогтоодог бол харааны ой тогтоолт, олон дахин давтаж хэлдэг бол сонсголын харин ямар нэг зүйлтэй холбож (жишээ нь он сар өдөр эсвэл дэс дараалал гэх мэт) тогтоодог бол утгын ой тогтоолт танд илүү тохирдог гэсэн үг.

Ой тогтоолтын талаар гүйцэт ойлгохын тулд ой тогтоолтын хугацаа (мэдээллийг тогтоосноос мартах хүртэлх хугацаа), багтаамж (хэр их мэдээллийг санах чадвар)-г мэддэг байх хэрэгтэй. Ихэнхи насанд хүрэгчид 5-9н мэдээллийг нэг дор тогтоох чадвартай (“Миллерийн шидэт тоо” Miller 1956).  Мэдээж энэ нь нэг төрлийн мэдээллийг тогтоох учраас хэрэв бид хэд хэдэн мэдээллийг нэг төрөлд багцалж чадвал 9-с илүү олон мэдээллийг богино хугацааны ой (0-30 секунд) тогтоох боломжтой. Харин урт хугацааны ойн хувьд мэдээллийн багтаамж болон мэдээллийг тогтоох хугацаа нь хязгааргүй.

Богино хугацааны ой тогтоолт

Ямар ч мэдээлэл анхаарал авч богино хугацааны ой тогтоолтоор дамжиж урт хугацааны ойнд хадгалагддаг. Мэдээллийг богино хугацааны ой тогтоолтонд хадгалах үндсэн 6 шалтгаан байдаг.

Эхлэл болон төгсгөл– Ялангуяа их агуулга бүхий мэдээллийн хамгийн эхний болон төгсгөл хэсгийг бид илүү сайн тогтоодог. Энэ нь бидний анхаарлын төвлөрөлтэй холбоотой.

Шинэлэг зүйл– Хамгийн сүүлд сонссон мэдээллээ бид илүү санадаг.

Өвөрмөц байдал– Хэт их мэдээллийн дундаас бусдаасаа ялгарах ялгаатай онцлог бүхий мэдээллийг бид илүү их анхаарч, хурдан тогтоож чаддаг.

Давтамж-  Тогтоохыг хүссэн мэдээлэлтэйгээ аль болох их тааралдах хэрэгтэй. Давтагджийн хүч зөвхөн ой тогтоолтонд ч нөлөөлөөд зогсохгүй таны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ч өөрчлөх хүчтэй. Энэ талаар “МЭДРЭМЖЭЭ МЭДЛЭГЖҮҮЛЬЕ” нийтлэлээс уншина уу.

Холбоо хамаарал- Таны амьдралд ойрхон эсвэл ямар нэг утга агуулгыг танд санагдуулж байвал тухайн мэдээлэлд та илүүтэй анхаарал хандуулдаг. Мөн мэдээллүүд хоорондоо гинжин байдлаар холбоотой байх нь аль нэг хэсгийг нь орхигдуулахгүй байхад туслана.

Нэгтгэх- Заримдаа бид ой санамж дахь хоосон орон зайг дүүргэж байдаг. Өөрөөр хэлбэл мэдээллийг ухамсартайгаар санахгүй ч яг л эвлүүлдэг тоглоом шиг үлдсэн хэсгийг нь тааруулдаг гэсэн үг.

Урт хугацааны ой тогтоолт

Төгсөлтийн баяр эсвэл анхны үнсэлтээ мартана гэдэг бэрх даваа. Урт хугацааны ой тогтоолтын онцлогыг танихын тулд хүүхэд насныхаа дурсамжуудыг санаад нэг үзээрэй. Сэтгэл хөдлөл ихтэй, чухал цаг үеүдийг бид урт хугацаанд мартдаггүй. Ой тогтоолтын нийтлэг аргуудын нэг нь “орон зайн” арга байдаг. Энэ арга нь төсөөлөх, сэтгэл хөдлөл мэдрэмж, давталт, холбоо уялдаа зэрэг аргуудыг нэг дор ашигладагаараа онцлог.

  • Өөрт ойр газар байршил, өрөө тасалгааг төсөөл
  • Тухайн газрынхаа 5 өрөө эсвэл, орчинг сонго
  • Өрөө тус бүрд тодорхой 5 эд зүйлийг байрлуул
  • Эд зүйл тус бүрийг дугаарла. Жишээ нь гэрээ төсөөлсөн бол буйдан 1, хөргөгч 2, угаалгын өрөө 3, хоолны ширээ 4, номын тавиар 5 гэх мэт. Хэрэв хүсвэл өрөө эсвэл эд зүйлээ нэмэх боломжтой.
  • За одоо таны өрөө зохион байгуулалтанд орсон учир тогтоох ёстой мэдээллээрээ дүүргэцгээе.
  • Тогтоохыг хүссэн мэдээллээ өрөөн доторх эд зүйлстэй холбо. Жишээ нь дэлгүүрээс авах зүйлсээ тогтоох гэж байна гэж төсөөлье.
  • Буйдан дээр маань зүссэн талхнууд суугаад зурагт үзэж байна.
  • Хөргөгчин дотор шилтэй жүүснүүд бүжиглэж байна.
  • Угаалгын өрөөнд маань төмснүүд сахлаа хусч байна.
  • Хоолны ширээний голоос цагаан будаа оргилж байна.
  • Номын тавиур дээр тараг кетчуп хоёр суугаад хэн нь амттай талаар маргалдаж байна.

Энэ аргыг ашиглахад танд төсөөлөөл их хэрэг болно. Аль болох адал явдалтай, өрнөлтэй, санаанд оромгүй зүйлсийг төсөөлөх нь үр дүнтэй өндөртэй байна.

Мэдээллийг сэргээн санах

Аливаа мэдээллийг сэргээн санахад богино болон урт хугацааны ойн ялгаа илүү тодорхой харагдах болно. Богино хугацааны ойнд хадгалагдсан мэдээлэл дэс дарааллыг хадгалдаг. Жишээ нь оролцогчдод цээжлэх үгсийн жагсаалт өгөөд хэсэг хугацааны дараа тогтоосон 4-5 үгийг асуухад жагсаалтын дагуу буюу эхнээс нь хэлэх магадлал маш өндөр. Харин урт хугацааны ойн хувьд холбоо хамаарал, утгаар нь мэдээллийг тогтоодог.

Үгсийн жагсаалтыг цээжлэх даалгавраас (James Deese, Henry Roediger and Kathleen McDermott) ой тогтоолтын талаар олж мэдсэн бас нэгэн сонирхолтой баримт байсан юм. Бид мэдээллийг яг л фото зураг шиг тогтоогоод түүнийг эргэн санахдаа зургаа хараад нэрлэж буй мэтээр төсөөлдөг бол яг үнэндээ бид мэдээллийг хэд хэдэн жижиг хэсгүүдэд хуваадаг байна. Хэсэг бүр нь өөр өөр жижиг шургуулганд ордог ч гэж тайлбарлаж болох юм.

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements