Амьдралын төлөөх уралдаанд хэн хамгийн сүүлд орж хэн нь түрүүлэх вэ? Хариулт нь тун энгийн хүлээгчид…

Тэгвэл хүлээгчид гэж хэн бэ? Тэд бол зүгээр л суугаад өөрөөсөө илүү далдын нэг хүчнээс амьдрах зааварчилгаа, аз жаргал, азтай тохиолдол, боломж, амттай хоол хүсэгчид. Хэрэв танд доорх зүйлс танил санагдаж байвал битгий гомдоорой. Гэхдээ та энэ ангилалд багтах магадлал тун өндөр байна.

  • Зорилгогүй байгаагаа гайхсаар байгаад нэг жил өнгөрчихсөн
  • Бусад хүмүүсийн амжилтанд баярладаг ч үе үе өөртэйгөө харьцуулж сэтгэлээр унадаг
  • Таны одоогийн нөхцөл байдалд ямар нэг үйл явдал эсвэл хэн нэгний гаргасан алдаатай үйлдэл буруутай мэт санагддаг
  • Гомдоллох нь энгийн зүйл мэт санагдах болсон
  • Бусад хүмүүс танд хангалттай анхаарал халамж тавихгүй байгаа мэт санагдах болсон
  • Илүү сайжрахын тулд юу хийхээ мэддэг боловч хэрэгжүүлэхгүй байсаар л байгаа
  • Шийдвэр гаргах асуудлууд тань овоорсоор л байна

Та өөрийнхөө эсвэл ойр дотны хэн нэгнийхээ сайхан боломж хүлээсээр байгаа шалтгааныг бодож үзэж байсан уу. Угаасаа л идэвхигүй залхуу нэгэн үү эсвэл сэтгэл гутрал нь түүнийг ийм нөхцөл байдалд хүргэж орхисон болов уу. Аль ч шалтгаан нь байсан хүлээгчид хэзээ ч хамгийн сайныг авдаггүй. Сор зүйлс үргэлж хөдөлмөрч, ухаалаг нэгэнд л ирдэг. Хүлээгчдийг та ажлын байр, амьдрал, найз нөхдийн харилцаа, хайр дурлал, хоол, гоо сайхан гээд бүхий л талбар дээрээс анзаарч болох бөгөөд нийтлэг байдлаар нь дараах байдлаар ангилж болох юм.

Ээж аавынхаа гарыг харагчид: Бүхий л асуудлыг нь шийдвэрлэж өгдөг байсан гэр бүлийн хүмүүжил тэднийг хэзээ ч том хүн болгодоггүй. Бие дааж, ганцаараа шийдвэр гаргаж эсвэл хариуцлагатайгаар ямар нэг зүйлийг дуусгахдаа тэд маш болхи. Аль болох л аав ээжийнхээ шийдвэр гаргаж тусалж дэмжихийг тэд хүлээж суудаг.

Байгууллагаас шаардагчид: Та ажилд орохдоо тухайн байгууллагаас юуг авч, юунд суралцаж болох вэ? гэж боддог бол нөгөө талаас нь юуг өгч чадах вэ? гэж бодож байсан уу?. Хүлээгчдийн хувьд ажил дээрх асуудлууд, бүтэлгүйтсэн төсөл, хамт олны үл ойлголцол, цалин, ажил үүргийн тодорхой бус байдалд бухимдахаас илүүг хийж чаддаггүй. Бүхнийг өөрчлөх боломж тэдний гарт байлаа ч тэд бусдыг хүлээсээр л байх болно. Ялангуяа удирдлагуудад энэ хандлага огтхон ч таалагддаггүй бөгөөд тэд танд дараагийн боломжийг санал болгохгүй л болов уу.

Аз жаргал хүлээгчид: Инээ дэлхий ертөнц тантай хамт инээнэ, гунигла та ганцаараа л гуниглана гэдэг үгийг санахад илүүдэхгүй. Аз жаргалтай байхын тулд заавал тохиромжтой эсвэл тухтай нөхцөл байдал шаардлагагүй, та өөрийгөө багахан хүчлэхэд л хангалттай. Сүүлийн жилүүдэд 20-30 насныханд “энийг л дуусгачихвал, тийшээ л явчихвал, мастерт л сурчихвал, шинэ хэл сурчихвал, өндөр цалинтай болчихвол” гэсэн хандлагын загвар ихээр газар авсан. Заримдаа тэд юунд эсвэл хаашаа яараад байгаагаа мэдэхгүй мөртлөө өнөөдрөөсөө аз жаргалыг олж чадахгүй ирээдүйг хүлээж суудаг. Гэвч яг үнэндээ бодлоо өөрчлөөд эргэн тойрноо мэдэрч эхэлвэл аз жаргал хажууханд нь байсаар л байдаг.

Халамж хүсэгчид: Та бусдад хэрхэн хандана бусад хүмүүс тэгж хандана гэсэн дүрмийг тэд урвуугаар нь ашигладаг. Эсвэл зүгээр л бусдаар халамжлуулж, анхаарал авах хандлага нь бусдыг халамжлахаас хэд дахин их байдаг.

Тохиромжтой цаг хугацааг хүлээгчид: Энэ бол хамгийн сонгодоог хэлбэрийн хүлээгчид. Бүхий л өөрчлөлтийг гаргахын тулд тэдэнд тохиромжтой цаг хугацаа, нөхцөл байдал хэрэгтэй. Яг одоо биш гэдэг бодол нь заримдаа айдсаас нь урган гарсан шалтаг байдаг.

Хүлээсээр л байвал амьдрал дуусчихна. Таны хүлээж байгаа шалтгаан юу ч байлаа босоод ямар нэг алхам үйлдэл хийх хэрэгтэй. Мэдээж хэрэг бүх зүйл ярьж байгаа шиг амархан байдаггүй. Гэхдээ энийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үг бас биш. Дараах 3 зүйлийг л сайтар анхаарч чадвал хүлээлтийн өрөөнөөсөө гарах боломжтой.

  1. Юу хийхээ дахин нэг төлөвлөхдөө ул суурьтай, өргөн хүрээний мэдээлэлтэй бай. Мэдээлэл олоход одоо тийм ч хүндрэлтэй байхаа больсон үе. Тиймээс өөрт хэрэгтэй мэдээллийг сайтар цуглуул. Тэгсэн цагт ямар нэг гарц, шийдэл харагдаж л таарна.
  2. Бусдын тусламжийг асуу. Аль хэдийн арга замыг нь олчихсон, шийдэл гаргачихсан хүмүүсээс тусламж авах нь таны цаг хугацааг хэмнэх болно. Тэдгээр хүмүүс нь салбар бүрийн мэргэжилтнүүд байдаг. Та аль чиглэлт хариулт олох хэрэгтэй байна тэр салбарынхаа хамгийн сайн мэргэжилтэнг олоорой.
  3. Зүгээр л ямар нэг алхам хийх. Үнэндээ бодоод л байгаа зүйлс заримдаа бодит байдлаас зөрчихсөн байдаг. Тиймээс алдсан ч хамаагүй алхам хийгээд яавал амжилттай хийх вэ гэдэгт суралцаад ав. Ялангуяа таны хүлээгээд байгаа шалтгаан туршлагагүй байдал бол битгий санаа зов гэж зөвлөмөөр байна. Та чадахгүй биш зүгээр л хийж дадаагүй байгаа учраас аль болох хурдхан шиг туршлага хуримтлуулаарай.

 

Сэтгэл судлаач: Б.Ганзул

 

Advertisements