Өөрийн дотор байгаа муу зан чанарыг олж мэдсэн бүх хүнд зориулав

 

Бодол зовхи минь хүндэрч сэрсэн тэр өглөө

Бодлогогүй үйлдэл хор болон өрөөгөөр тархчихсан

Дотор муухайрам үнэр дунд хог болж хөглөрсөн дурсамжууд

Дотор эрхтнүүдийг минь хямрааж орхиод огиудас хүргэх мэт

Хатуурхаж хэлсэн бусдын үгс зүрхэнд минь хүрэлгүй газарт унаж

Хашхирсан чимээн дунд аниргүй дунд тайван сууж байснаа санаж байна

Яг л уйтгар гунигийн эцсийн зогсоол дээр автобус хүлээн суух шиг

Яагаад ч юм эндээс цааш явахдаа өөр юуг ч алдахгүй гэсэн шиг

Хамаг байдгаа хумьчихсан ч юм шиг

Эр хүн байсан бол нэвширтэл зодуулаад дотроо онгойтол хашхирахсан

Даанч хүндлэл гэх хариуцлагын дор хүлээтэй мэт хөшчихсөн залуу бүсгүй

Ээжийнхээ гомдлыг ч үл тоож чадсан өнгөрсөн оройн бачуурал

Эргээд надад харуусал болно доо гэж хэн хүнгүй хараах мэт

Сүнсгүй хоосорчихсон, сэтгэлгүй хатчихсан, зүрхгүй туйлдчихсан тэр орой

Сүүдрээс минь цухуйлгүй далд л байгаасай

Үйлдлээрээ би үнэнийг нь нотолж зөвийг нь хийх болохоор

Үггүй байгаад минь буруутгаж хэтэрхий битгий сэмлээрэй

2018.12

ЭНЭ ЮУ ВЭ? Зүүн мөрөн дээр суусан чөтгөрийнхөө үгэнд та хэр их ордог вэ? Хэзээ ч хийхгүй гэж бодсон алдааг хэдэн удаа гаргасан бэ? Хамгийн гол нь гаргасан алдаагаа хараад би муу хүн юм байна гэж шаналж байсан тохиолдол танд байдаг уу? Хэрэв тийм бол та чөтгөрийн шокийг (шинжлэх ухааны нэр томъёо биш болно) бага ч болов мэднэ гэсэн үг. Мэдээж хэрэг таны мөрөн дээр чөтгөр эсвэл бурхан байхгүй ч та өөрөө чөтгөр гэсэн үг огтхон ч биш. Чөтгөрийн шокноос үүдэн стресс, буруутай мэдрэмж, сэтгэл гутрал, нойргүйдэл, өөрийгөө шийтгэх, бусдаас тусгаарлагдах зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно. Сэтгэл судлаач хүний хувьд өөрийгөө “муу хүн” болчихлоо эсвэл би “муу хүн” юм байна гэсэн мэдрэмжийг хүлээн авч, удирдаж чадахгүй бие хүмүүстэй цөөнгүй гэдгийг батлан хэлье. Тэдгээр хүмүүсийн нийтлэг онцлог нь:

  • Ихэвчлэн өөртөө ихээхэн ач холбогдол өгдөг. Өөрийгөө их ажигладаг
  • Өөртөө өндөр шалгуур тавьдаг. Өөрөөсөө болон бусдаас хүлээх хүлээлт өндөр
  • Өөрийн үнэлэмж нь амжилт болон давуу талууд дээр суурилдаг
  • Эрсдэлтэй үйлдэл алхам хийх нь ховор
  • Юманд чин сэтгэлээсээ ханддаг
  • Өөрийн хяналт өндөртэй, дүрэм журам зарчим баримтлах дуртай

ЯАГААД ҮҮСЭВ ? Хэрэв дээрх онцлогуудыг сайн анзаарч, дүгнэлт хийж чадсан бол яагаад ийм мэдрэмж (чөтгөрийн шок) бий болдогийг ойлгосон байх. Таны өөртөө хэт төвлөрсөн, хариуцлага хүлээлт өндөр тавьдаг чанар болон амьдралын сорилт саад бэрхшээлд бага орж байсан нь таныг ийм мэдрэмжтэй байхад хүргэсэн байж болох юм. (Хүн бүрийн нөхцөл байдал өөр байдгийг давхар санах хэрэгтэй). Харин сэтгэл судлалын шинжлэх ухааны урсгал чиглэлүүд бие хүний гаргаж байгаа алдаа, түрэмгий зан чанар эсвэл ёс суртахуунгүй үйлдлийг өөр өөрсдийн талаас тайлбарладаг. Сэтгэл судлалын алдартай онол урсгалууд дотор багтах фрейдизм болон гуманизм хоёрыг жишээ болгон дурдъя. З.Фрейд (Sigmund Freud) хүний доторх төрөлх муу зан чанаруудыг “ид” гэж тодорхойлоод хүн нийгмийн хэм хэмжээнд нийцхийн тулд өөрийгөө буюу “эго”-гоо идеал дүрлүү буюу “супер-эго”- рүү чиглүүлдэг. Ингэхдээ түрэмгий, харгис эсвэл бэлгийн дур хүсэл (либидо) болон “ид”- ээ дарангуйлж байдаг гэж үздэг. Харин гуманизм буюу хүмүүнлэг сэтгэл судлалд хүний төрөлх чанар нь өөрөө сайн бөгөөд бусдын болон нийгмийн нөлөөгөөр муу чанаруудад суралцдаг гэж үздэг.

ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Практик байдлаар сэтгэл зүйн зөвлөгөөнд өгдөг зарим зөвлөмжийг хүргэе.

  1. Аливаа бодлогогүй үйлдлийг хийхгүй байхын тулд танд хэм хэмжээ чухал. Бие хүний итгэл үнэмшил, үнэт зүйл, зарчим таны хэм хэмжээг тодорхойлж байдаг. Чухам тэд л бие хүнийг өнөөдрийн зэрэгт хүрэхэд нь том нөлөө үзүүлж, эргэн тойронд үерлэн байгаа муу үйлдлүүдээс хол байлгаж чаддаг. Ялангуяа ёс суртахууны мэдрэмж. Өөрийн ёс суртахууны хэм хэмжээг тогтоож чадаагүй хүн аливаа сөрөг үйлийг хийх, бусдад уруу татагдах нь элбэг байдаг. Нэг л удаа ёс суртахууны хэм хэмжээгээ давчихвал дараагийн удаа давах илүү амархан болдог. Харамсалтай нь давахгүй гэсэн даваагаа долоо давав гэдэг шиг дараагийн удаа та хил хязгаараасаа улам бүр хол үсэрсэн байх нь болно.
  2. Гэхдээ хэт өндөр хэм хэмжээнүүдийг буулга. Өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмжээ нэмэгдүүл. Таны үнэ цэнэ нүдэнд харагдах гоо сайхан, гарт баригдах шагнал урамшуулал огт биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв таныг бага байхад алдаа гаргалаа гэж хатуу шүүмжилдэг мөрлөө түүнийгээ засах боломж олгодоггүй, зааж өгдөггүй байсан бол одооноос өөрөө өөртөө үүнийг хийж өг. Ингэхийн тулд эхлээд гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч өөрийгөө уучил, дараа нь алдаагаа засах хамгийн ухаалаг үйлдэлд суралц. Уучлалт гуйж бусдаас тусламж ав.
  3. Ирээдүйд ямар хүн байхаа тодорхойл. Дараа нь өөрийн тодорхойлсон дүрийнхээ хийх үйлдлүүдийг өөртөө хэвшүүл. Ингэж чадвал та хүссэн зан чанараа өөртөө бий болгож чадна. Хугацаа тэвчээр шаардагдана гэдгийг харин мартаж болохгүй.
  4. Олон хүмүүс дунд орж тэдний бодол, амьдралын хэв маягийг сонс. Та зөвхөн өөрөө өөрийнхөө л ертөнцөд амьдраад хүн төрөлхтний хийдэг үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй ч байж болох юм. Бусад хүмүүс алдаандаа хэрхэн ханддагийг ажигласнаар өөрийгөө ойлгоход тань илүү туслах болно.

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements