АЙДСЫН ТАЛААР ЭХНИЙ МӨРТҮҮД

Сэтгэл судлаач Карл Юнг нэгэн илтгэлдээ “Хэрэв сэтгэл зүйн хувьд цоо эрүүл хүн байвал над дээр аваад ир, би эмчлээд өгье” гэж хэлж байсан юм. Яг үүнтэй адил ямар нэг төрлийн айдасгүй хүн гэж үгүй.

Гэвч айдас таны хэвийн амьдралд нөлөөлж эхэлвэл энэ нь фобиа (phobia) буюу эмгэг болсоны илрэл. Мэдээж сайн мэдээ нь фобиаг эмчлэх боломжтой. Сэтгэл зүйн зөвлөгөө, өөрийн хяналтын тусламжтайгаар та айдас болон фобиагаа удирдаж болно.

Айдас биднийг хамгийн сайн ээж, аав, ах , эгч, найз эсвэл мэргэжилтэн байхад саад болдог. Тиймээс бид хамгийн энгийн нэгэн байж бас өөрт олдсон боломжуудаа хажуугаараа өнгөрөөсөөр байдаг. Хүн гэдэг төрөлхийн хамгийн тав тухтай зүйлийг хийх гэж тэмүүлдэг. Тэр нь биднийг айдастайгаа найзалж шинэ зүйлд суралцах, хийх хэвшилийг үгүй хийдэг. Одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй Та яг одоогийн амьдралын хэв маягтаа сэтгэл хангалуун байдаг уу ?  Гэхдээ бид зөв арга техникийг ашиглаж чадвал айдсын дарангуйллаас ангижрах боломжтой.

Бусад сэтгэл хөдлөлүүдийг бодвол айдас нь хэмжих боломж хамгийн өндөр байдаг учраас айдсын талаарх судалгаа их байдаг. Түүнчлэн айдас бол хүн төрөлхтний хөгжлийн явцад хамгийн өндөр үүрэг гүйцэтгэсэн сэтгэл хөдлөлүүдийн нэг. Ялангуяа могой, чоно гэх мэт аюултай араатнаас айх айдас л биднийг амиа хамгаалах, осол бэртлээс сэргийлэх, таагүй нөхцөлөөс зугтахад нь тусалж ирсэн.  

ШАЛТГААН

Айдас биднийг хамгийн сайнаараа бодож тунгаахад саад болдог. Тиймээс бид хамгийн энгийн шийдвэрүүдийг сонгож мөн өөрт олдсон боломжуудаа хажуугаараа өнгөрөөсөөр байдаг. Хүн аюул багатай нөхцөлрүү тэмүүлдэг төрөлхийн чанар нь биднийг тунгаан бодох, эргэлзэх, шүүмжлэх, эсэргүүцэх когнитив чадваруудаа ашиглахад саад болж байдаг. Айдас бол тэдгээр тав тахтай нөхцөлүүд аюул заналхийллээр солигдох гэж буйг урьдаас мэдрэхэд туслах биологийн зөн совин юм.  

Айдсыг үүсгэж бий болгож байгаа хоёр үндсэн шалтгаан байдаг. Нэг нь нөхцөл байдал физиологийн хувьд шууд аюул учруулах нөгөө талаас сэтгэл зүйн гаралтай. Үхлээс зугтах, аюултай орчиноос зайлсхийхэд чиглэсэн айдсыг рациональ  айдас гэдэг бол иррациональ айдас нь итгэл үнэмшил эсвэл таагүй дурсамж дээр тулгуурладаг. Рациональ айдсын хувьд зугтах эсвэл тэмцэх хариу үйлдлээр даван туулдаг байхад иррациональ айдсыг ухамсарын түвшинд шийдвэрлэх шаардлага тулгардаг. Үр дүнд нь иррациональ айдсыг хянахын тулд нөхцөл байдалд зөн совингоороо үзүүлж буй хариу үйлдлүүдээс зайлсхийж дүгнэлт хийж, “бодох” хэрэгтэй. Рациональ айдас “хамгаалах” чухал үүргийг гүйцэтгэдэг ч иррациональ айдсууд ихэнхи тохиолдолд бодитоор бодоход саад болж байдаг.

Иррациональ айдас төрөлхийн биш буюу бид амьдралынхаа аль нэг хэсэгт түүнийг бий болгосон байдаг. Халуун зууханд хүрээд халууныг нь мэдэрсэн цагаас хүнд айдсын туршлага бий болдог. Бяцхан хүүхэд могойноос шууд айна гэж байхгүй, тиймээс айх шалтгаан нь ямар нэг үйл явдал эсвэл ээж аавынх нь нөлөө байдаг. Сэтгэл судлаач Seth D. Norrholm ч мөн үүнийг нотлон тодорхойлсон байдаг. Ийнхүү айдаст суралцаж байх хугацаандаа бид айж буй зүйлдээ илүү өртөмтгий болдог. Учир нь бид айж байгаа зүйлдээ илүү анхаарал ач холбогдол өгсөнөөр илүү мэдрэмтгий болно.

Иррацианаль айдас мэдээлэл дээр тулгуурладаг. Аалз эсвэл шавьжнаас айдаг маш олон хүмүүс байдаг. 2005 онд хийсэн нэгэн судалгаанаас харахад хүүхдүүд болон насан хүрэгчид цэцэгний зурагнаас илүү аалзны зурганд хурдан хариу үйлдэл үзүүлж байсан байна. Учир нь аалз аюултай гэдгийг бид мэддэг. Гэвч судалгаанд хамрагдсан хүмүүсээс ердөө 6% нь л аалзнаас болж ямар нэг аюулд өртөж байсан байна. Ингээд бодохоор айдас бол “бодлын систем”. Бидний үйлдлийг, зан чанарыг тодорхойлж байдаг бодлуудын нэгдэл. Энэ нь цаашлаад нийгмийн тогтолцоо, бизнес мөн шинжлэх ухаанд ч нөлөөлдөг. Зар сурталчилгааг аваад үзье лдээ. Дийлэнх нь бидний айдасруу чиглэдэг. Авахгүй бол бусдад гологдоно, өмсөхгүй бол азгүйтнэ, хэрэглэхгүй бол муудна гэх мэтчилэн бидний “сул дорой” хэсгүүдрүү тасралтгүй довтолж байдаг. Алдаатай мэдээллийн хамгийн ойр жишээ бол 1-р ангид орж байгаа бяцхан хүүхдүүдийн айдас юм. 9 сарын 1нд уйлж буй 6 настнуудын дүр зургийг жил бүр л хардаг биздээ. Тэд яагаад уйлдаг вэ? Мэдээж тэдэнд тав тухгүй байгаа, ямар нэг айдас байгаа учраас л тэр. Ээж аавууд сургууль бол дарамж шахалт, гэрийн даалгавар хийнэ гэдэг хүндхэн даваа, багш нь загнидаг гэдэг ойлголтыг хүүхэддээ өгч байдаг. Сургуульд орж буй 6 настнуудын хувьд төсөөлөн бодох чадвар нь ид хөгжиж байдаг ба сургуулийн талаарх төсөөллөө бусдын ярианаас л олж авч байдаг.

Бүхий л сэтгэл хөдлөлтэй нэгэн адилаар иррациональ айдас нь шагнал шийтгэлээр баталгааждаг. Ерөнхийдөө айдсын сонгодог шалтгаан бол таагүй туршлага. Өөр дээрээ мэдэрсэн эсвэл бусдыг ажиглаж мэдсэн үр дүнгүүд цаашид тухайн нөхцөл байдал, зүйлээс айх айдсыг бий болгодог. Хулганатай холбоотой туршилтуудтай бид хэзээний л танил болсон. Нөхцөлт айдсын талаарх туршилт 2013 онд Японд хулгана дээр туршсан бөгөөд давтамжтайгаар тогоор цохиулахтай зэрэгцэн хулгануудад дуу сонсгож байсан байна. Энэ үйлдлийг хэд хэдэн удаа давтсаны дараа тогоор цохиулаагүй байсан ч дуунд хариу үйлдэл үзүүлдэг болсон.

Бид өөрийн дурсамжинд байгаа зүйлдээ илүү итгэх хандлагатай. Хэрэв тухайн айдастай холбоотой дурсамж хэд хэдэн удаагийн тохиолдлоор баталгаажсан бол итгэл үнэмшил болон тогтдог. Итгэл үнэмшлийг ухамсартайгаар өөрчлөх их хэцүү. Тиймээс сэтгэл судлаачид энэ тохиолдолд урт хугацааны заслын аргыг санал болгодог. Шат дараалсан арга хэмжээ авсанаар өөрийн айдастайгаа тэмцэх боломжтой.

Зарим тохиолдолд бие хүний эрсдэлийг тооцоолох зан чанар нь айдсын өдөөгч болж байдаг. Эрсдлийг тооцоолох нь боломжийг тооцоолоход хүндрэл учруулдаг. Нэг ёсондоо таны сөрөг болгоомжилсон хандлага хэтэрвэл та айдас дунд өөрийгөө хүлж орхино гэсэн үг. Тархины үйл ажиллагааг судалдаг судлаачид “оюун ухааны хөгжилд” саад болдог цорын ганц хязгаарлалт нь бидний өөртөө тавьдаг “боломжгүй зүйл”-н хязгаарт хэр зэрэг итгэхээс хамаардаг гэж үздэг.

БИЕ БА АЙДАС

Таныг айдас мэдрэх үед бие физиологи стресстэй адил хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь анхаарал төвлөрөл муудах, зүрхний цохилт ихсэх, бие хөших, хөлрөх, булчин чангарах эсвэл сулрах, таних мэдэхүйн чадвар муудах зэргээр илэрдэг. Хэвийн үед зүрхний цохил минутанд 60-80 удаа цохилдог бол таныг айх үеэр 100 хүртэл болж өсдөг. Таны зүрх дээд тал нь 175 удаа цохилох чадалтай.

Таны харах, сонсох, үнэрлэх, хүрэх, амтлах мэдрэхгүйгээр дамжуулан тархины амигдалад айж буй зүйлийн тань талаар мэдээлэл очно. Айдас үүсгэсэн үйл явдалтай бараг л нэгэн зэрэг таны тархин дотор “Би энэ аалзыг өмнө нь харж байгаагүй юм байна”, “Магадгүй би зугтах ёстой байх” гэсэн бодлууд төрдөг. Ингэснээр адерналин ялгарч зүрхний цохилт нэмэгдэж бүх биеийн хөлс ялгарна.

Айдас бий болох физиологи процессийн хувьд тархины олон хэсгүүд оролцдог боловч үндсэн цөм нь амигдала юм. Аюултай нөхцөл байдалд байгаа талаарх мэдээллийг амигдала дамжуулж уур болон айдсыг үүсгэдэг дааврыг ялгаруулдаг. Ингэснээр адреналины нөлөөгөөр бие организм өөрийгөө хамгаалхад бэлтгэгддэг. Зүрхний цохилт хурдсан, цусны даралт нэмэгдэх, амьсгал түргэсэх, уушиг агаарыг илүү чөлөөтэй нэвтрүүлнэ, сонсох, харах болон бусад мэдрэмжүүд илүү хурц болно. Үүнтэй зэрэгцэн адерналин биеэд хуримтлагдаж буй сахарыг цусанд клюкоз болгон шахах процессийг өдөөж өгдөг. Эдгээр процесс нь биднийг ухамсарлахаас хурдан болж өнгөрдөг. Биед гарч буй бүхий л өөрчлөлтүүд нь таныг амийг хамгаалахын тулд тулалдах эсвэл амь гарахын тулд гүйхэд бэлддэг. Энэ хугацаанд рационал сэтгэлгээ нөхцөл байдал сонголтуудын талаар тунгаан бодох чадваргүй байна. Тархи зөвхөн хэрхэн амьд үлдэхэд анхаарал хандуулж байдаг. Тийм ч учраас айдас түгшүүртэй үед шийдвэр гаргах хамгийн хэцүү бөгөөд эрсдэлтэй.

  • Бидний мэдрэмжүүд илүү сайжирч хурц болохын хажуугаар дадал болсон үйлдлүүд (гүйх, үсрэх, тулалдах гэх мэт) автоматаар буюу ямар нэгэн бодох шаардлагагүйгээр хийгдэж байдаг. Тархины ажиллах зарчим өөрчлөгдөж бага бодож илүү идэвхитэй хөдлөхөд чиглэдэг.
  • Цус булчинруу илүү шахагдаж арьс болон захын эрхтэнүүдэд бага очдог. Ингэж л айсан хүний нүүр цонхигор харагддаг.
  • Цаг хугацааны хүртэхүй алдагдана. Цаг хугацаа зогссон мэт санагдах киноны дүрслэл бодит байдал дээр айсан хүнд тохиолддог. Хэдхэн секундын цочирдом үйл явдал ч урт хугацаанд өрнөж буй мэт санагдана.
  • Өвчний мэдрэг байдал зугтах болон тэмцэх процесстэй зэрэгцэн оршдоггүй. Зугтаж явахдаа авсан жижиг шарх бэртэлийг мэдрэхгүй өнгөрөх нь элбэг.
  • Булчингийн нарийн ажиллагааг шаардсан чадварууд идэвхигүй болж гүйх, үсрэх, тулалдах, дайрах гэх мэт чадварууд оргилдоо хүртэл идэвхиждэг.
  • Хүүхэн хараа өргөсөж бид илүү тод бөгөөд хурц харах боломжтой болдог. Өмнөө байгаа зүйлийг, заналхийлж буй орчинг эсвэл харанхуй нөхцөлд харах чадвар маань сайжирдаг.
  • Чанга дуу чимээ болон эргэн тойронд болж байгаа үйл явдлыг сонсох чадвар буурна.
  • Зүрхний цохилт 60BPM -ээс 200, 250, 300 BPM хүртэл нэмэгдэнэ. Артерийн судас өргөсөж цусны даралт нэмэгддэг. Булчинруу ихээр цус шахагдсанаас болж зарим тохиолдолд өвдөг сул болдог. Гар болон хөлийн хуруунууд цусан хангамжаар дутагдана.
  • Амьсгал түргэсэж илүү их хүчилтөрөгч авах гэж хичээнэ. Ингэснээр булчингууд хурдтай бөгөөд хүчтэй ажиллах боломжтой болдог. Гүнзгий амьсгал нь мөн биднийг чангаар орилоход тусладаг.
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны ажиллагаа удааширдаг. Ингэснээр шүлс ялгарахаа больж ам цангаж эхэлдэг.
  • Тархи биерүү эндорфин ялгаруулдаг. Энэ нь таныг аз жаргалтай болгохын тулд биш харин өвчин эсэргүүцэх чадварыг тань нэмэгдүүлхийн тулд юм.
  • Сэргээн санах, тогтоох чадвар алдагддаг. Биед болж буй эдгээр олон процессуудтай зэрэгцэн олон зүйлд анхаарал хандуулж чаддаггүйгээс болоод үйл явдлын зарим хэсгийг мартаж орхидог. Бусад хүмүүс болж өнгөрсөн зүйлийг сэргээн санаж чадахгүй байгааг “худлаа хэлж байна” эсвэл “нуух” гэж оролдож байна гэж ойлгодог. Гэвч үнэндээ тийм биш.
  • Айдас үүсэх үеэр таны бие организм зарим шаардлагагүй мэдрэмжийн эрхтнүүдийг ажиллагаагүй болгодог. Учир нь сонсох, амтлах, үнэрлэх зэрэг нь таныг аюулаас аврахгүй тул бие организм өөрийн хүчийг аюулаас зугтахад бүрэн дайчилдаг. Спортод, ялангуяа боксын тэмцээний үед харах мэдрэхүй их чухал. Тамирчин рингэн дээр байхад нүдний хүүхэн хараа томорсноор төвлөрөх болон ажиглах чадварыг нэмэгдүүлдэг. Харамсалтай нь стресстэй үед тамирчны харааны мэдрэхүй боломжит түвшиндөө ажиллахгүй. Спортын сэтгэл судлаачийн үүрэг нь тамирчныг тэмцээний үед сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгахад чиглэдэг. Хэрэв тамирчин эсвэл дасгалжуулагч тэмцээний процессийг нарийн тооцоолон гаргасан бол энэ танд сэтгэл зүйгээ удирдахад тус болох болно. Ихэнх боксийн тамирчид рингэн дээр гарахаас өмнө сэтгэл хөдлөлөө дардаг. Сэтгэл зүйн тогтворгүй байдлыг даван туулах нь биеийн өвчинтэй харьцуулахад илүү хүнд байдаг.
  • Сэтгэл хөдлөлийн хувьд дараах шинжүүд илэрнэ.
  • Ядрах
  • Зугтахыг хүсэх
  • Бодит бус үйл явдал мэт эсвэл биеийн хэсгүүдээ салангид мэт мэдрэх
  • Хяналтаа алдаж байгаа мэт санагдах
  • Ухаас алдах эсвэл бүр үхэх гэж байгаа юм шиг санагдах
  • Айж байгаагаа мэдэж байгаа боловч түүнийг удирдаж чадахгүй байх

“Тодорхой зүйл эсвэл нөхцөлөөс айх айдсаа даван туулах явцдаа бид хэзээ ч айдсаас бүрэн ангижирч чадахгүйг ойлгосон. Харин айдсыг удирдаж, хянах боломжтой”.

           Geoff Thompson “Өөрийгөө хамгаалах механизм” мэргэжилтэн, зохиолч

ТАРХИ БА АЙДАС

Хүний биед бие даасан мэдрэлийн 2 үндсэн систем байдаг. Эдгээр системүүд айдсын үед биед гарах өөрчлөлтүүдийг зохицуулж байдаг.

Симпатик Мэдрэлийн Тогтолцоо (СМТ) нь “зугтах” эсвэл “тэмцэх” хариу үйлдлийг удирддаг. Аюултай орчинд бие физиологийг рефлекс хариу үйлдэл хийхэд бэлдэж байдаг. Тархины СМТ нь аюулын үед бие махбодид буй бүх нөөцийг асуудал шийдвэрлэхэд зарцуулан удирддаг ба биеийн бүх хэсэгт ямар үйлдэл хийх хэрэгтэйг удирдан чиглүүлдэг гипоталамус[1] хэсэг нь СМТ-ийн үед бөөрний дээр байх адренал булчирхайд адреналин болон кортизол гэсэн стрессийн дааврыг ялгаруулах даалгавар өгсөнөөр стрессийн дааврууд цусаар дамжин бүх биед хүрдэг.

– Парасимпатик Мэдрэлийн Тогтолцоо (ПМТ) нь “зугтах эсвэл тэмцэх” хариу үйлдлийн дараа биеийг хэвийн байдалд нь буцаан авчрах үүргийг гүйцэтгэдэг. Аюулт байдал үгүй болж СМТ нь хийх ёстой ажлаа дуусгасан үед биеийн бусад тогтолцоонуудад үйл ажиллагаагаа энгийн байдалд үргэлжлүүлэх даалгавар өгдөг. Хэрвээ бие физиологийн ПМТ буюу энгийн байдалдаа буцан орж чадахгүй, үргэлжилсээр байвал таны бие махбодь томоохон асуудалд ордог.

Симпатик Парасимпатик
Нүд: хүүхэн харааг өргөсгөх Нүд: хүүхэн харааг нарийсгах
Сормослог булчин: холын юм харах Сормослог булчин: ойрын юм харах
Зүрх: агшилтын тоог нэмэгдүүлэх Зүрх: агшилтын тоог цөөрүүлэх
Шүлс: шүлс ялгаралтыг ихэсгэх Шүлс: шүлс ялгаралтыг багасгах
Давсаг: ханыг сулруулах Давсаг: агшаах
Ходоодны шүүрэл: саатуулах Ходоодны шүүрэл: ихэсгэх
Умай: агшаах Умай:сулруулах

Хүүхдээ аврахын тулд машин өргөсөн эмэгтэй, нисгэгчийг аврахын тулд онцгоцын хэсгийг хөдөлгөж байсан эр гээд санаанд багтамгүй түүхүүдийг бид заримдаа сонсдог. Эдгээр нь түүхүүд бол үнэндээ айдсын нөлөөгөөр үүссэн үйлдлүүд юм. Нөхцөл байдал үүсэхгүйгээр үр дүн гарахгүйтэй нэгэн адилаар аюул заналхийлэл байгаагүй бол хүн төрөлхтөн үлгэр домог мэт ам дамжин ирэх түүхүүдийг бүтээж чадахгүй байсан биз.

Айсан үедээ хийсэн үйлдлүүдийн дараа Чи тийм зүйл хийж байхдаа юу гэж бодож байсан бэ ? гэсэн асуултанд ихэвчлэн бид “бодоогүй” гэж хариулдаг. Магадгүй хариулт нь ердөө л энэ. Бидний тархин дахь тунгаан бодох хэсэг айдас түгшүүр мэдэрсэн үед ажиллахаа больдог.  Айдсын нөлөөгөөр булчин, мэдрэхүй, дотор эрхтэн зэрэгт үүсч буй өөрчлөлтүүд бидний ухамсарын хяналтаас гадна болдог. Ухамсаргүйгээр хийгдэж буй эдгээр өөрчлөлтүүд нь асар хурдан буюу 250-300 милисекунд (секундыг 1000 хуваасны нэгтэй тэнцэнэ) хугацаанд болж өрнөдөг. Гэхдээ айдсын өдөөгчийн хүч өндөр бол мэдээлэл амигдалад 12 милисекундэд хурдтай хүрдэг.

ХАРИУ ҮЙЛДЭЛ

Ямар нэг зүйл жишээ нь танихгүй хүн таныг айлгалаа гэхэд таны тархи 2 төрлийн хариу үйлдэл үзүүлдэг гэж Америкийн сэтгэл судлаач Walter Cannon (1929) тодорхойлсон.

Харвардын физиологич Валтер Кэнон заналхийлсэн нөхцөл байдалд хүний бие организм автоматаар зугтах эсвэл тэмцэх хариу үйлдэл үзүүлдгийг олж нээсэн. Энэ нь хүй нэгдлийн үеэс  бидэнд аюулаас зугтах хүч чадал, хурдыг өгдөг хариу үйлдэл юм. Хариу үйлдэл нь бидний бие махбодын эрхтэн тогтолцоо хоорондын гайхалтай цогц харилцаа холбоо юм.

Сүүлийн 50 жил зугтах эсвэл тэмцэх хариу үйлдэл ноёлох байр суурьтай байж энэ хугацаанд айдас болон стресст бидний бие хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаарх судалгаанууд өргөн хүрээнд судлагдаж ирсэн.

Тэмцэх: Бид аюултай зүйлсийн аюулыг багасгах, том зүйлийг жижигрүүлэх, саад бэрхшээлийг даван туулахын тулд тэмцэх хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв та зэрлэг ойд аюултай амьтантай таарвал өөрийгөө хамгаалах эсвэл тулалдахад биеэ бэлдэх шаардлагатай болдог. Тэмцэх хариу үйлдэлтэй холбоотой нийгмийн зан төрхүүд:

  • Тэмцээн уралдаанд бүхий л хүчээ дайчлан өрсөлдөх
  • Түгшүүртэй байсан ч олон хүний өмнө илтгэл тавих

Айдсыг даван туулах арга зам бол тэмцэх буюу “эр зориг” юм . Эр зоригтой байна гэдэг сонголт болохоос төлөвлөгөө биш. Гэхдээ магадгүй сонголтыг хэрхэн хийх, эсвэл бусад хүмүүс тухайн нөхцөл байдалд ямар сонголтыг хийдэг талаар бодож бичиж болно. Ингэснээр та урт хугацаандаа тэмцэх хариу үйлдлийг ухаалгаар ашиглах боломжтой болно.

Зугтах: Аюултай нөхцөл байдалтай тулгарсан үедээ өөрийгөө хамгаалахын тулд тухайн айдсын өдөөгчийг орхин явах шаардлага тулгардаг. Энэ үед бид зугтах хариу үйлдлийг ашигладаг. Хэдийгээр энэ хариу үйлдэл нь хамгаалалт болж таныг таагүй мэдрэмжүүдээс холдуулдагч ямар тохиолдолд ашиглах вэ гэдгийг сайтар тооцоолох нь зүйтэй. Учир нь аливаа асуудлаас зугтана гэдэг нь таньд ямар ч туршлага бий болохгүй гэсэн үг. Дараагийн удаа ижил төстэй үйл явдал өөрт тохиолдлоо гэхэд та хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй. Дийлэнх тохиолдолд хүмүүс айдсаасаа зугтаж байдаг. Тийм ч учраас айдастай олон жил зууралддаг. Хэрэв араатан амьтан таньруу дайрч байвал эсвэл галт тэрэг танийг чиглээд ирж явааг харвал ЗУГТАХ хамгийн зөв шийдвэр. Харин өдөр тутмын асуудлуудад энэ нь сөрөг нөлөөтэй байдаг. Жишээ нь хамт ажилдаг хэн нэгэн танд гомдсон байна, гэвч та түүнтэй ярилцахыг хүсэлгүй зүгээр л зугтана. Гэвч хэсэг хугацааны дараа асуудал бүр хүндрэх бөгөөд энэ байдал танд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдлыг бий болгоно.

Хэрэв асуудал тийм ч том биш бөгөөд хамаарал багатай бол ихэвчлэн зугтдаг.

  • Асуудалтай тулгарсан үедээ архи ууж хэсэг хугацаанд ч болов тэр талаар бодохгүй байх;
  • Хэн нэгэн хүсээгүй сэдвийн талаар ярилцахыг хүсэх үед шалтаг хэлж явах;
  • Гэр бүлийн харилцаанаас зугтаж өөрийгөө ажлаар дарах
  • Эсвэл зүгээр л өөрийгөө ямар нэг эрсдэл, эвгүй байдалд оруулалгүй тухтай бүсдээ үлдэх

Гацах: Аюултай нөхцөл байдлыг хүлээн авахын тулд гацах хариу үйлдэл байдаг. Өмнөх хариу үйлдлүүдээс ялгаатай нь хоромхон хугацаанд болж өнгөрдөг бөгөөд зугтах уу эсвэл тэмцэх үү гэдгийг шийдвэрлэх хугацааг олгодог.  Зарим амьтны хувьд араатны хавханд орж гарах гарцгүй болсон үед хуурамчаар үхсэн дүр үзүүлдэг. Үүнтэй адилаар гэнэтийн орчинд орох эсвэл шинэ хүмүүстэй харилцах үедээ бид ч мөн гацах хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь дараагийн алхамаа шийдэх хугацааг бидэнд олгодог.

  • Ой санамж хэсэг хугацаанд балартах
  • Юу болж байгааг анзаарч чадахгүй байх ба ярих үйлдэл хийх чадваргүй болох
  • Бие физиологийн хувьд сульдах, хөших

Үнэндээ зугтах, тэмцэх, гацахаас илүү олон сонголт бидэнд байдаг. Гэхдээ мэдээж айдасд үзүүлэх хариу үйлдлээ удирдах нь таалагдаж байгаа хоёр зүйлийнхээ аль нэгийг нь сонгохтой ижил хялбархан зүйл мэт ойлгогдож магадгүй. Гэвч таны анхаарал болон хүчин чармайлтыг дээд зэргээр шаардах болно.

Ингэхдээ та найз нөхөд, гэр бүл, хамт олон эсвэл мэргэжлийн хүнээс тусламж авч болно. Учир нь хүн ганцаараа байхаас илүү бүлэг хүмүүс, хамт олон дотор байхдаа илүү хурдан өөрчлөгддөг. Өөрийгөө илэрхийлхийн тулд та олон төрлийн зүйлийг туршиж үзсэн байх хэрэгтэй. Тухайлбал:

  • Өөрийгөө илүү бүтээлчээр илэрхийлэх, зураг, хөгжим, аялал гэх мэт
  • Сэтгэл судлаач, сэтгэл засалчтай уулзах, когнитив сэтгэл заслын аргыг ашиглах
  • Амьдралын дасгалжуулагч
  • Бясалгал, иог, mindfulness

АЙДАС ЭСВЭЛ ФОБИА

Айдсын талаарх өмнөх мэдээллүүдээс та айдас бидэнд хэрхэн нөлөөлдөг болон биднийг аюулаас зугтахад биеийг бэлддэг ба айдас ирж буй дохиог бидэнд өгдөг талаар ойлголттой болсон.

Тэгвэл зарим тохиолдолд хүмүүс айдас нь хэрээс хэтэрч буйг анзааран сэтгэл судлаачид ханддаг. Өөрөөр хэлбэл тэдний айдас сэргийлэх хамгаалах гэсэн үндсэн үүргээ гүйцэтгэхгүй өдөр тутмын амьдралд эмгэг байдлаар нөлөөлж эхэлдэг. Ингэж хүндэрсэн айдсыг фобиа гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл та могойноос айдаг бол энэ хэвийн л зүйл буюу та заавал үүнийгээ өөрчлөх эсвэл даван туулах гээд байх шаардлагагүй харин энэ айдас тань танд байнга саад болж хэвийн амьдрахад нөлөөлж байвал та фобиа бий болсон байна гэсэн үг.

Айдас болон фобиа хоёрын ялгаа
Айдас Фобиа
Онгоцоор нисэх, өндөрт гарах үед айж түгших Онгоцоор нисэхээс айдаг учир найзынхаа хуриманд очиж чадахгүй байх
Experiencing butterflies when peering down from the top of a skyscraper or climbing a tall ladder Ажил маань 10 давхарт байдаг учраас ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон
Rottweiler эсвэл pit bull үүлдрийн нохой хараад айх Хаа нэгтэйгээс нохой гарч ирж магадгүй гэж гудамруу удаан ширтэж зогсох
Цус хараад дотор муухайрах Цуснаас айдаг болохоор эмнэлэгт очиж үзүүлэхгүй байх

Фобиог ерөнхий байдлаар дотроо тухайлсан, нийгмийн, орон зайн гэж гурав ангилагддаг.

Орон зайн гэдэгт зөвхөн нээлттэй эсвэл өндөрлөг газар орохгүй. Таныг тав тухгүй, тусламжгүй, түгшүүртэй болгодог бүхий л орчинг багтаан үзэж болно. Айдас үүсгэж буй орчиноос зугтаах байдал нь хүнийг нийгмийн харилцаанд оролцохгүй байхад хүргэдэг ба даамжрах шинжтэй.

Тухайлсан хэлбэрийн айдсууд нь хамгийн их судлагдсан байдаг. Энэ төрлийн айдсууд нь ямар нэг нөхцөл байдал, эд зүйлсийн талаарх хэтрүүлсэн төсөөллөөс үүдэлтэй байдаг. Байгаль орчинтой холбоотой (eg acrophobia), амьтантай холбоотой (eg the aforementioned arachnophobia), эсвэл цус бэртэлтэй холбоотой гэсэн ерөнхий ангилалуудад хуваагддаг.

Нийгмийн айдас нь ямар нэгэн нөхцөл байдалд бусад хүмүүс танд хэрхэн хандах талаарх бодит бус таамаглал юм. Бусдаас шүүмжлэл болон үл тоомсорлол авах айдас нь хүн төрөлхтний хувьд өөрсдийн бодол болон үйлдлээ хянахад нөлөөлөгч хүчтэй сэдэлжүүлэгч юм.

Ашигласан материал:

  1. LeDoux, J. E. (2015, August 10). The Amygdala Is NOT the Brain’s Fear Center. Retrieved January 29, 2016,
  2. Bergland, C. (2015, May 1). Neuroscientists Discover the Roots of “Fear-Evoked Freezing” Retrieved January 29, 2016,
  3. Needle Phobia: A Neglected Diagnosis by James G. Hamilton, M.D. in the August, 1995 issue of The Journal of Family Practice.
  4. How does our brain process fear., Ana Sandoiu. February 2017

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements