Хүүхдийнхээ сэтгэл зүй, нийгмийн ур чадварт анхаардаг эцэг эхчүүд нэмэгдсэн нь магтууштай үзэгдэл юм. Хүүхдээ уйлуулахгүй, өвтгөхгүй, гэдэс цатгалан, эд материалаар дутаахгүй бол болно гэсэн хандлага аль хэдийн хоцрогдож хүүхдээ хэрхэн илүү амжилттай, боловсролтой, нээлттэй, зорилготой, хариуцлагатай болгох вэ гэдэгт ээж аавууд анхаарал, цаг хугацаагаа зарцуулах болсон. Тэдгээр чухалчилж буй ур чадварууд дотор “хариуцлага”- тай байдал чухал байр суурь эзэлдэг.

Гэр бүлдээ, хичээлдээ цаашлаад хүүхэд өөрийнхөө амьдралд хариуцлагатай хандах чадварт суралцах нь гэж эцэг эхчүүдийн туйлын хүсэл. 6-18 насны хүүхдүүдээ сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж буй асран хамгаалагчид хүүхдээсээ хариуцлагатай байхыг хүсэхдээ хэд хэдэн алдаа гаргаж байгаагаа мэддэггүй.

Хүүхдийн насанд тохироогүй хариуцлага: Ирээдүйд боловсролтой, чадварлаг байлгахын тулд ээж аавууд хүүхдээ бүх талаас нь хөгжүүлдэг. Бага ангиасаа эхлэн өдрийн 8-10 цаг тасралтгүй хичээллэх байдал цөөнгүй. Гэвч үүний хажуугаар хүүхэд нас  өнгөрч байгааг зарим тохиолдолд мартаж орхидог. 7 настай хүүхэд хичнээн мундаг байлаа ч өөрөө ухамсарлаад ирээдүйнхээ төлөө шаргуу хичээллэнэ гэдэг хэтрүүлсэн хариуцлага үүрч байгаагийн сонгодог жишээ. Харамсалтай нь эцэг эхчүүд насанд нь тохироогүй хариуцлагыг хүүхдээсээ хүсч сэтгэл судлаачид хандаж байна. 6-8 насны хүүхдийн хувьд тоглох, үймүүлэх, дүүгээ эсвэл бусдад хүүхдийг хааяа шоглох, уйлах, гэрийн даалгавар хийхдээ залхуурах гэх мэт үйлдэлүүд илэрч болох бөгөөд хэт их биш бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Гэр бүл доторх хөдөлмөр дутагдах: Хүүхэд хариуцлагад суралцах эхний орчин нь гэр бүл. Эцэг эхчүүд мэддэг ч тэр бүр анзаараад байдаггүйгээс хүүхэд огт бэлтгэгдээгүй хариуцлагын мэдрэмжиндээ дарагдчихдаг. Ингэснээр сургуульд ороод хичээлээ хийхгүй байх, уурлах, багшийнхаа үгийг авахгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. Гэнэтийн энэхүү нөхцөл байдал нь хүүхдийг төөрөгдөлд оруулж алдаа гаргахвий гэсэн айдастай болгодог. Тиймээс багаас нь хариуцлагыг бага багаар хөгжүүлэх нь зүйтэй. Гэрийн ажил хийх гэдэг бол хамгийн анхны хариуцлага хүлээж буй үйл явц, үүний дараагаар цэцэрлэгт хүүхэд албан ёсны дүрэм журамтай хамгийн анх удаа танилцдаг. Энэ хоёр шатыг давсан хүүхэд сургуулийн орчинд хариуцлагыг хурдан бөгөөд нээлттэй хүлээн авч чаддаг.

Бусад хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй байх: Дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь эцэг эхчүүд хүүхдээсээ гэрийн ажил хийх, гэрийн даалгавар хийх зэрэг үйлдлүүдэд хариуцлага хүлээлгээд бусад хүмүүстэй харилцах харилцааны чадварыг нь орхигдуулах юм. Таныг гунигтай үед хүүхэд тань юу хийдэг вэ?  Ялангуяа 21-р зуунд хүүхдийн сэтгэл хөдлөлийн ур чадвар чухал ач холбогдолтой бөгөөд харилцааны ур чадвар сайн хөгжих тусам амжилттай байх магадлал нь нэмэгдэнэ. Үүний тулд хүүхэд ээж аавынхаа сэтгэл хөдлөлийг ойлгодог, түүнд нь тохируулах харилцаж сурах хэрэгтэй. Ийнхүү бусдын өмнө хариуцлага хүлээж сурсанаар хүүхэд “Би” гэх үзэлтэй буюу өөртөө илүү төвлөрсөн бие хүн болж төлөвшихөөс сэргийлж чадна. Цаашлаад бусдыг ойлгох, баг хамт олонд дасан зохицох, өөрийгөө илэрхийлэх, харилцааг удирдах, бусдад нөлөөлөх чадваруудад суралцахад нь анхаарах хэрэгтэй.

БИД ЯАГААД АЛДАА ГАРГАДАГ ВЭ?

  • Өөрийнхөө хүүхэд насыг мартчихдаг. Заримдаа бид бага наснаасаа эхлээд л хариуцлагатай, мундаг байсан юм шиг санадаг.
  • Бусад хүүхдүүдтэй харьцуулдаг. Хүүхэд бүрийн онцлог өөр, өөрийгөө илэрхийлэх, ачаалал даах чадвар ялгаатайг хүлээн зөвшөөрдөггүй.
  • Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж хичээдэг. Хүүхдээ өөрөөсөө мундаг байлгах гэдэг эцэг эхчүүдийн дунд нийтлэг байдаг хүсэл.
  • Хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд хэт анхаарал хандуулдаг. Гэр бүл дотроо хэтэрхий анхаарлын төвд байх, асуудал бүрийг нь ээж аав нь шийдвэрлэж өгдөг бол хүүхэд бусад хүмүүстэй харилцах чадварт огт суралцахгүйгээс гадна өөртөө итгэлтэй болж төлөвшихгүй

ЦААШИД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Гэр бүлийн гишүүд (ээж, аав, эмээ, өвөө, ах, эгч гэх мэт) хүүхдийн цаашдын хүмүүжилд хэрэгтэй гэсэн зүйлсийг бүгд хүлээн зөвшөөрч дэмждэг байх. Гэр бүл дотор хүмүүжлийн арга барил зөрөлдөх хүмүүжлийн цоорхойг бий болгодог учир нэгдмэл байх хэрэгтэй.
  • Хариуцлагыг нас насанд бага багаар төлөвшүүлэх зорилт тавих. Шаардлагатай бол мэргэжлийн хүнтэй хамтран ажиллах.
  • Гэр бүл доторх хөдөлмөрийн хуваарийг бий болгох. Хүүхдэд тохирсон гэрийн ажлыг хийлгүүлж байх.
  • Гэр бүлийн хамгийн бага эсвэл том гишүүн гэдгээс үл хамааран бусад гишүүдийн өмнө хариуцлага хүлээлгэх. Аав ээжийгээ сонсох, туслах, дэмжих, ойлгох, ярилцах.
  • Амьтан тэжээх нь мөн нэг талаар хариуцлагын мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
  • Хариуцлагын талаар ярилцах. Хэн хэн ямар хариуцлага хүлээж байгааг талаар хүүхдэд тодорхой хэмжээний ойлголт өгөх.

 

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements