Их сургуулийн 4 жилийнхээ хамгийн сайхан дурсамжуудыг гунигтай түүхээр төгсгөхдөө би зөрчил маргааны талаарх онолуудыг судалж байсан юм (Зөвхөн судлаачид л өөрийнхөө асуудалд онолын дүгнэлтүүд хайдаг байхдаа). Тэдгээр онолууд дунд анхаарал татсан нэг дүгнэлт нь “ХЭН ЗУГТСАН НЬ БУРУУТАН” .

      Ямар ч бүлэгт зөрчил маргааны хамгийн гол нь зөрчил маргааны үр дүн багт үр ашиг авчирч байна уу эсвэл хэн нэгнийг буруутгаад төгсч байгаа юу гэдэг нь гол фокуслах юм. Хүн бүрийн мэддэг энгийн ойлголт боловч бодит амьдрал дээр хүн бүр өөр өөрсдийн хамгаалалтыг хайж эхэлдэг. Тэдгээр хамгаалалтууд нь өөрийн үзэл бодол, үнэт зүйл, саналруу чиглэсэн байдаг бол хамгаалалтууд нь харин баримт нотолгооноос эхлээд уур бухимдал хүртэлх юу ч байж болно. Тиймээс шийдэлд хүрээгүй зөрчил маргаан харилцааг эвдэж ажлыг сүйрүүлж байдаг. Яагаад зөвшилцөлд хүрэх тийм хэцүү байдаг вэ ?

  1. Нөгөө талын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх нь ялагдлыг мэдрүүлдэг. Хэрэв аль аль тал нь нөгөө талынхаа үзэл бодол болоод харж буй өнцгийг ойлгож чадвал зөрчил эерэгээр төгсөх боломжтой. Гагцхүү буруу хүлээх хүсэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтүүд эсвэл гомдол цөхрөлтүүд тийм боломжийг бидэнд олгодоггүй. Энэ тохиолдолд гуравдагч тал чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Хоёр талыг ижил түвшинд байлгах, буулт хийлгэхийн тулд тэднээр өөрсдөөр нь хэлүүлж, үйлдэл хийлгэх хэрэгтэй.
  2. Бидний алдаатай дүгнэлтүүдийг бусдын дэмжлэг илүү хүчирхэгжүүлж байдаг. Хоёр бус олон хүний дунд өрнөж байгаа зөрчил маргаан нэг нэгнийхээ саналыг баталгаажуулах хандлагатай байдаг. Хоёр хүний болон бүлэг хоорондын өрсөлдөөн ялгаатай байдаг талаар сэтгэл судлалын туршилтууд их байдаг.
  3. Хэн нэг нь илүү буруутай. Бүлэг доторх зөрчилд гишүүд 20%, 20%-н буруутай ч хэн нэгнийгээ илүү буруутай гэж үзэн асуудлыг бүхлээр нь түүнд тохох үзэгдэл байдаг. Энэ нь буруутан болсон нэгнийг хүнд байдалд оруулж бусад нь хоорондоо илүү ойр дотно нэгдэх хандлагатай байдаг. Хэрэв танд ийм үйл явдал тохиолдож байсан бол та 100%-н буруутан биш гэдгийг санаарай.

Ямар ч тохиолдолд зөрчил маргаан дээр шийдэлгүй орхих нь буруу юм. Ялангуяа зугтаах нь таныг буруутны байр сууринд шууд л оруулах болно. Урт хугацаандаа ч мөн таны талаарх сөрөг дүгнэлтүүд бий болох учраас аль болох мэдрэмжүүддээ ач холбогдол өгөлгүйгээр асуудлыг хэрхэн амжилттай шийдвэрлэх  дээр ухаалаг яриаг өрнүүлэх хэрэгтэй. Зугтах нь эсвэл зөрчлийг ойлголцолд хүргэлгүйгээр орхих нь нөгөө талаас хувиа хичээж буй үйлдэл юм. Таны зөв эсвэл буруу гэдгээс үл хамааран та харилцаа, багийн ойлголцол, үр дүнг чухалчлан үзэхгүй байна гэсэн үг.

Зөрчил маргааныг удирдаж сурахын тулд та урт жагсаалт унших шаардлагагүй. Үүний оронд зүгээр л харилцааны ур чадварт суралцаж, хүлээцтэйгээр бусдыг сонсох хэрэгтэй. Анзаарч дүгнэвэл бид харилцааны ур чадвартай, бусдыг сонсож чаддаг хүмүүсийг ихэнхидээ “сайн”, “хүчтэй” хүн гэж дүгнэдэг.

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements