(Дахин давтсаар л байх уу?)

Уртаас урт дарааллын төгсгөлд шахуу зогсохдоо хүлээн зөвшөөрч чаддаггүй алдаануудаа бодож урам хугарсан итгэл алдарсан царай нүүрэндээ тодруулна. Бараг цаг гаран зогсоод арай хийн 5 хүний ард болоод байтал хоёр эгч оочир дайран урд минь зогсчхов. Уг нь би чинь эрх ашгаа хамгаалан, цаг хүлээсэн хөдөлмөрөө өмгөөлөх ёстой байтал чимээгүй байхыг илүүд үзээд 5 биш 7 хүнийг хүлээх болов. Хэсэгхэн хугацааны үйл явдал болоод өнгөрсний дараа л өөрийн гаргадаг алдаагаа дахиад давтсанаа ойлголоо. БИ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА!!!

Хэрэв өөрийн гаргасан алдааг юман чинээ тоодоггүй, дараагийн удаа дахин давтдаггүй бол асуудал нэг их үүсэхгүй л дээ. Даанч хийснийхээ дараа заавал ингэх хэрэг байсан юмуу гэж боддог, өөрийгөө буруутгаж, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эсвэл зүгээр л “тэнэглэл”-ээ дахин дахин давтдаг бол доорх амьдралын хэв маягийн аль нэг нь танд байгаа эсэхийг шалгаарай.

ЭРСДЭЛ ГАРГАХААС АЙХ

Дээрх жишээ бол энэ хэв маягийн тод жишээ. Таагүй нөхцөл байдлаас зугтаах, төгс байх хүслээ удирдаж чадахгүй байх нь энэ төрөлд илүү хамаарагддаг. Алдаа гаргах, заримдаа төгс бус харагдах нь хүлээн зөвшөөрч болох л зүйлс. Ингэлээ гээд таны үнэлэмж орвонгоороо эргэчихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө нөөц боломжийг ашигла, алдаа гарга, эрсдэлтэй нүүр тул. Гэхдээ та энэ хэв маягаа эвдэхийн тулд олон дахин давтах хэрэгтэй гэдгийг  санаарай. Нэг удаагийн оролдлогоор бууж өгөх нь утгагүй хэрэг юм.

ӨӨРИЙН ТӨСӨӨЛЛИЙН ДҮРЭЭ ЭВДЭХЭЭС АЙХ

Миний нэг үйлчлүүлэгч маань өөрийн нэр хүндэд сэв суулгахаас айдаг байсан юм. Мэдээж хэрэг энэ нь тэрнийг илүү өөрийн хяналт өндөртэй байхад буюу зарим нэг алдаа гаргахаас сэргийлж чаддаг байв. Харамсалтай нь тэр зарим алдаагаа дахин дахин давтсаар л байсан бөгөөд үүнээсээ болж өөрийн үнэлэмжээ тэр чигт нь алдахад хүрсэн юм. Гол шалтгаан нь өөрийнхөө гаргасан алдааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүйтэй нь холбоотой. Тодруулж хэлбэл тэр дурсамж дахь таагүй үйл явдлуудыг зүгээр л баллуурдчихдаг буюу өөрөөсөө мөн бусдаас нуучихдаг байсан. Мэдээж ямар нэг алдаатай дурсамж байхгүй бол хүн өнгөрснөөсөө суралцаж чадахгүй шүү дээ. Тиймээс л тэр алдаагаа удирдаж чаддаггүй байв. Сэтгэл судлаачийн хувьд үйлчлүүлэгчдээ “өөрийнхөө алдаануудыг ширээн дээр дэлгэн тавь” гэдэг зөвлөгөө өгсөн юмдаа.

АЛДААГАА ДАХИН ДАХИН ЯРИХ

Нэг талаас өрөвдүүүлэгчид энэ үйлдлийг хийдэг. Бусдад өрөвдүүлэх нь тэдэнд илүү хялбар байдаг учраас өөрийн гаргасан алдааг байнга ярьдаг. Хэрэв та үргэлж эсвэл заримдаа гомдоллогч болчихдог бол яг одооноос зогсох ёстой гэдгийг өөртөө сайтар ойлгуулах хэрэгтэй. Учир нь та өнгөрсөн дэх таагүй зүйлсийг давтан ярих бүртээ тэр үйлдэлээ өөртэйгөө улам бүр ойртуулж байдаг. БИ УГААСАА ИНГЭЧИХДЭГ ЮМ гэдэг үг цаашид амнаас чинь гарч итгэл үнэмшилийг бий болгох болно. Бүр мөсөн итгэхээсээ өмнө хэлэхээ боль. Өөрөөсөө өндөр үр дүн хүс.

ТЭНЭГЛЭЛДЭЭ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БУРУУТГАХ

Эсвэл хэн нэгнийг ч байж болох юм. Алдаа гаргах болгондоо “энэ сонголтыг хийхээс өөр аргагүй байсан юм”, “хэрэв тэр надад муухай зан гаргаагүй бол би тэгж хэлэхгүй л байсан” гэх мэтчилэн өөрийгөө тайвшруулдаг бол та хэзээ ч тэнэглэлээ удирдаж чадахгүй. Хүн өөрийн гэсэн зүйлсээ л илүү сайн удирддаг. Тиймээс нөхцөл байдлаас үл хамаарсан хүчирхэг нэгэн болохын төлөө хариуцлага хүлээхэд бэлэн бай.  

ТЭНЭГЛЭЛЭЭ УДИРДАХ ТОМЪЁОЛОЛ

Алдаатай туршлага + Өөрийн өөрчлөлтийн хүлээн зөвшөөрөлт + Тав тухгүй ч зоригтой алхамууд + Өөрийгөө улам сайжруулах хандлага

 

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Advertisements