Цаг үеийн салхинд туугдан “завгүй” бодолдоо хөтлөгдөн байлаа ч өнгөрсөн жилээс онцын ялгарахгүй зүйлгүй шинэ оныг хүлээхдээ урамгүй бас гунигтайхан нөүтбүүкээ ширтэж сууна. Сурсан зангаараа асуудлаа эцэст нь хүртэл тулгаж орхичхоод ухаарлын цохилтоор өглөөг угтана. Хүүхэд байхаасаа л бүх зүйлээ өөртөө хадгалдаг минь нөхцөл байдлыг эцсийн цэгт нь хүргэнэ. Гэхдээ асуулаа гээд хүссэн хариултаа авч чадахгүйгээс хойш өөрөө мэдэрсэн нь дээр юм шиг заримдаа санагдана.

Хааяа нэг үеийн нөхдүүдтэй уулзахдаа асуудлууд нь төстэй байгааг анзаарна. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирсэн залуучуудад асуудлаа шийдвэрлэх чиглүүлэг байхгүй байгааг бас мэдэрнэ. Ингээд харахаар өмнөх нийгэм минь бидэнд юуг үлдээдэг вэ? Гэж бодогдоно. Мэдлэг, өв соёл, бахархал, технологи, загвар.  Гэхдээ хэрхэн хайрлах, хэрхэн суралцах, хэрхэн ярилцах, хэрхэн өөрийгөө олохыг дорвитойхон чиглүүлчихдэг бол сэтгэл гутрал дунд залуучууд минь амьд үлдэх тэмцэл хийн (survive) тарчлах нь бага ч байх байсан юм шиг.

НАДАД АМЬДРАХ ЗААВАРЧИЛГАА ХЭРЭГТЭЙ БАЙНА. Бууж өгөхөөс минь асуудлаа давах ёстойг сануулах, эхлэх цэгээ хэрхэн олоход минь чиглүүлэх, өөрийн гэсэн бүхнээ эцсийг нь хүртэл тууштай байх зааварчилгаа өгөөч. Зааварчилгаагүй амьдарч яваа нөхдүүдийн алдаа онооноос өөрөө өөрийгөө олох аялалаа дөнгөж эхлүүлж байгаа дүү нартаа харин тус болж мэдэх зөвлөгөөг бичмээр санагдлаа.

Өөрөө өөрийгөө олохын тулд 3 үеийг давах хэрэгтэй гэдгийг минь яс махандаа шингэтэл ойлгочихвол бууж өгөх шалтаг хайх нь багасана гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Урьдчилан тооцоолж чадах зүйлээ хүмүүс удирдаж чаддаг шүү дээ. Ямартай ч тэр гурван үе шатыг нь  эхлэл, хямрал, өсөлт гээд өөрийнхөөрөө томъёолоод бичье.

ЭХЛЭЛ.  Хүсэл тэмүүлэл (passion) бол эхлэлийн цэг болохоос бүх зүйл биш. Гэхдээ эхлэхэд их учир байна, эхлүүлж чадахгүй яваа хүмүүс ч олон байна. Хэрэв та өнгөрсөндөө амьдардаг бол “яагаад” гэдэг асуултын төөрөгдөлд орчихсон байна гэсэн үг. Хүлээн зөвшөөрч чадахгүй зүйлсээ өөрөөсөө холдуулах гэж эсвэл бусдаас нуух гэж явахаа одоо болих хэрэгтэй. Харин эхлэхээс айдаг бол “хэрэв” гэдэг эргэлзээн дунд төөрөлдчихсөн гэсэн үг. Өөрчлөлтийн тухгүй байдал таныг зүгээр л бууж өгөхөд хүргэдэг бол яг одоо л зогсох хэрэгтэй шүү. Тав тухгүй байлаа гээд буруу зам гэсэн үг биш шүүдээ.

Өөр нэг чухал зүйл нь БИ ИЙМ ХҮН загвар. Leadership Challenge (Jim Kouzes, Barry Posner) номонд удирдагч өөрийн дуу хоолойг (арга барил, үнэт зүйл) олохын тулд дамждаг үе шатуудыг уншсаны дараа бусдыг хуулбарлах нь өөрийгөө олоход туслах юм байна гэдгийг ойлгох болно. Гэхдээ хамгийн сайныг нь хуулбарла. Би ийм л хүн юм чинь гэсэн бодлоороо өөрийнхөө зорилго, үйлдлийг хязгаарлахаа зогсоох хэрэгтэй. Үгүй бол Би ийм л хүн гэсэн бодол чинь удахгүй Би ингэж л амьдарсан бол гэсэн харамсал болж мэднэ.

ХЯМРАЛ. Энэ үгийг уншаад хамгийн түрүүнд толгойд тань орж ирэх ёстой үг бол өөрчлөлт, хөгжил. Хямралын үед танд сонголт хамаагүй олон. Ямар сонголтыг яаж хийх вэ? гэдэг хариултыг та өөрөөсөө л хайх хэрэгтэй. Хэн нэг буянтан “яг энэ байна” гээд гаргаад өгсөн ч та “аан тийм байна” гээд өнгөрөхөөс тэр дор нь хэрэгжүүлнэ гэдэг дайсантайгаа кофе уунгаа чин сэтгэлээсээ ярилцах магадлалаас хамаагүй бага. Яг л хамгийн сайн найз чинь их сүрхий нөхөр байлаа ч яриан дундуур нь толгойд тань тоглоом шоглоом, ёжтой үгс эргэлддэгтэй төстэй. Тийм болохоор хэн байхыг хүсч байгаа эсвэл хэн байсан билээ гэдгээ цаг хугацаа, дурсамжуудаасаа олсон нь дээр.

– Бодолд байгаа хамгийн сайн хувилбар чинь ямар бодлуудаар цэнэглэгддэг вэ гэдгээсээ хариултыг нь ол.

– Юу хийж байхдаа өөрийгөө хамгийн хүчтэй нэгэн мэтээр мэдэрч, илүү ихийг чадах юм байна гэж догдолж байсан тэр өдрүүдээ дахиад давт.

Хямралын үед хийж болохгүй ганц зүйл нь эвлэрэх. Энэ бодлууд дуусахгүй юм байна, илүү зүйл хийж чадахгүй юм чинь, энэ мэдрэмжүүд арилахгүй гэж бодоод гуниглаад суугаад байвал гуниглаад л байна.

Инээ дэлхий ертөнц чамтай хамт инээнэ, гунигла чи ганцаараа гуниглана.

ӨСӨЛТ. Хямралаа даваад өөрийнхөө айдас болон хамаарлуудын хаалтыг давчихсан бол өсөлтийн шатанд орчихсон байнаа гэсэн үг.  Эхлэлийн шатанд “Хэрхэн амьдрах вэ” (юуг хэрхэн хийх вэ) гэдэг загваруудаас хангалттай сайн туршиж үзсэн бол одоо аль нэг тохиромжтой загварыг  өөрийн болгох хэрэгтэй. Өөрийн болгохын тулд өөрийнхөө үнэт зүйлсээр баяжуулж илүү сайжруулах ёстой.

Ингээд цаашаагаа тууштай байх л үлдэнэ.

 

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements