Ямар нэг бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа бид хямдралын зөрүүг өөртөө хуримтлуулж буй бодит орлого гэж ойлгодог. Гэхдээ бодит байдал дээр таны хуримтлал үүсгэсэн гэж бодож байгаа бодол зөвхөн онолын хувьд. Дийлэнх тохиолдолд бид хямдралаас олсон илүү мөнгөө бодитоор хадгалж эсвэл тооцоолсноороо зарцуулж чаддаггүй. Сарын цалингаараа шаардлагагүй бүтээгдэхүүнүүд худалдан авчихаад сүүлд нь харамсах тохиолдлуудтай  хүн бүр л таардаг. ЯАГААД ?
Хямдарсан барааны нөлөөтэй адилаар бидний шийдвэр гаргалтанд нөлөөлдөг сэтгэл зүйн хэд хэдэн хүчин зүйл байдаг.

1. СӨРӨГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ. Бидний тархи сөрөг үйл явдал, хүчин зүйлд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Өдрийн турш тохиолдсон 5 азтай явдалын дараах 1 таагүй үйл явдлыг бид илүү хүчтэй санадаг. Гадны таагүй нөлөөний улмаас бидний биед кортизол болон адриналин (стресс үүсгэгч дааврууд) ялгардаг. Энэ нь таны сэтгэл санааг таагүй болгож, хоолны дуршилд нөлөөлж, тархины дүгнэлт хийх логикоор бодох үйл ажиллагааг саатуулж байдаг. Тийм учраас таагүй сэтгэл хөдлөлтэй үедээ алдаатай худалдан авалт хийх магадлал тун өндөр. Учир нь та худалдан авалтын үр дагаварт дүгнэлт хийхээс илүү сөрөг сэтгэл хөдлөл дээрээ төвлөрдөг.

2. ӨЛСӨХ. Эрүүл хооллолтын мэргэжилтнүүд өлссөн үедээ хоол хүнс худалдан авахгүй байхыг зөвлөдөг. Учир нь хооллох гэдэг бол бидний анхдаг хэрэгцээ бөгөөд бидний тархи өлссөн үедээ аль болох их калоритой бүтээгдэхүүнийг эрж хайж байдаг. Хэрэв та эрүүл хоолны дэглэм барих гэж хичээж байгаа бол өлссөн үедээ дэлгүүр битгий ор

3. АЙДАС. Хүн төрөлхтний хийж байгаа маш олон үйлдлүүд тэдний бие хүний болон нийгмийн айдсаар тайлбарлагдах боломжтой. Хоёр төрлийн айдас таны үрэлгэн байдалд нөлөөлдөг. 1. Таны бусдаас хоцрохвий гэсэн айдас. 2. Нөхцөл байдлаас үүдэлтэй айдас. Бусадтай адил байх буюу нийгмийн айдсууд нь сүүлийн үеийн трендүүдийг дагах, бүлэг хамт олныхоо нөлөөнд автах байдлаар илэрдэг. Харин нөгөө талд өвчин тусах, гоо сайхан алдагдах, нийгмийн хэм хэмжээг зөрчих зэрэг таагүй үйл явдлуудаас үүдэлтэй айдсуудад бид өөрсдийн мөнгийг хайрладаггүй. Мэдээж энэ бол зүй ёсны хэрэг. Гэхдээ зарим тохиолдолд бид зөв мэдээллийг аваагүйгээс эсвэл буруу хүнд хандсанаас болж цаг хугацаа, эдийн засгаараа хохирч байдаг. Магадгүй та арьсны асуудлаасаа болоод бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хэн нэгнийг таньдаг байх. Тэд бол айдсаа зөв удирдахын тулд хамгийн сайн “мэдээлэл”, “эксперт” хэрэгтэйн бодит нотолгоо юм.

4. ИРЭЭДҮЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ. Тав эсвэл арван жилийн дараа бидэнд ямар хэрэгцээ шаардлага үүсхийг мэдэхгүй байгаа нь өнөөдрийн мөнгөндөө хайр гамгүй хандах бас нэгэн шалтгаан болдог. Голомт банкнаас хүний 70 хүртэлх насанд шаардлагатай мөнгөн дүнг тооцоолон гаргасан байдаг. Үүнд 0-22 насанд танд дунджаар 23 сая төгрөг, 23-30 насанд 120 сая төгрөг, 31-40 насанд 271 сая төгрөг, 41-50 насанд 420 сая төгрөг, 50-68 насанд 628 сая төгрөг шаардлагатай гэжээ. Энэ мөнгөн дүнгийн үзүүлэлтүүд нь биднийг хуримтлуулах, хэмнэх, олох хэрэгцээтэйг харуулж байна. Тодорхой зорилгогүй, хуримтлуулах хэрэгцээгээ ойлгохгүй байдал нь орлого нэмэгдсэн ч бодит ашиг авчрахгүй байхад хүргэнэ.

5. ХЭТРҮҮЛЭН ҮНЭЛЭХ. Мөнгө гэдэг эрч хүчтэй адил зүйл. Бид хэр сайн зохицуулж чадаж байгаагаас үр дүн хэр өргөн хүрээнд гарах нь хамаарна. Гэтэл бид хялбар аргаар их ашиг олохыг хүсдэг нь нууц биш. Бид яагаад 200,000,000-д 1%-н ялах магадлалтай сугалааг худалдан авдаг вэ? Учир нь бид магадлалын талаар маш бага мэдлэгтэй буюу зургаан оронтой тооны 4 орон таарах нь танд ялах магадлал тун ойрхон байсан мэт сэтгэгдлийг төрүүлж байдаг. Мөрийтэй тоглоом, сугалааны талаар судалгаа хийж буй судлаач Robert Williams-н хэлсэнээр сугалаа гэдэг бол “хямт өртөгтэй” (мөрийтэй тоглоомны хувьд биш) хөгжилдөх үйл явц болохоос амжилтанд хүрэх эсвэл баяжих арга зам биш.  

Сэтгэл судлаач Б.Ганзул

 

Advertisements