Бид бүгдэд гуниглаж байгаа нэгний хажууд юу хийхээ мэдэхгүй суусан дурсамжууд байдаг. Ихэнх хүмүүс бусдыг хэрхэн тайвшруулахаа мэддэггүй учир “Зүгээр дээ, тайвшир” гээд үгнээс өөр зүйл хийж чаддаггүй. Таны хувьд бусдыг тайвшруулна гэдэг хэр чухал чадвар вэ? Магадгүй таны ээж, гэр бүлийнхэн, хайртай хүн, охин, хүү тань сэтгэлээр унаж гунигласан үед та хэр чухал гэдгийг илүү ихээр ойлгодог байх.

Сэтгэл судлаач Жон Готман таны энэхүү чадварыг хөгжүүлэхэд туслах практик зөвлөмжүүдийг гаргасан байдаг.  

Тэдний мэдрэмжийг тодорхойл. Таагүй байгаа нэгнийг тайвшруулахад тулгардаг хамгийн хэцүү бол тэдэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй байх. Харамсалтай нь ихэнх тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө өгөх гэж хичээдэг. Үнэндээ тав тухтай байдлыг өгдөг зүйл нь ухаалаг үгс эсвэл улиг болсон халамжилсан үгс биш харин “энэ дэлхий дээр ганцаараа биш шүү” гэсэн мэдрэмж байдаг. Таны дэргэд гуниглан суугаа нэгэн таныг анхааралтай сонсож, мэдрэмжүүдийг нь ойлгоосой гэж хүсдэг. Готман энийг бусдын таагүй мэдрэмжийг илчлэх гэж нэрлэсэн. Энгийнээр хэлбэл та тэднээс юу харж байгаа болон юу мэдэрч байгаагаа илэрхийл. Жишээ нь “Би чамайг их хэцүү цаг хугацааг даван туулж байгааг ойлгож байна”, эсвэл “Чамайг их зовоож байгаад уучлаарай” гэх мэтээр тэдний мэдрэмжийг өөрийнхөөрөө илэрхийл. Мөн тэдний хэлж буйг өөрийн үгээр тодорхойлж хэлсэн ч болно. Мэдрэмжийг нь ойлгосноор дараагийн алхмаа тодорхойлох боломж бүрдэнэ.

Айдас.

  • Тухайн асуудал үнэхээр таны шийдвэрлэх ёстой зүйл мөн үү?
  • Өмнө нь энэ асуудлаас зугтаж байсан уу? Тийм бол үр дагавар?

Хүмүүс ихэнх тохиолдолд айдсаасаа зугтаж маш олон боломжуудыг алддаг. Айдсыг үйлдэл хийснээр л давах боломжтойг ойлгуулах нь таны үүрэг.

Үл тоомсорлол.

  • Таныг үл тоомсорлосон хүн эсвэл бүлэг таниар хүндлэгдэх хүмүүс үү?
  • Таныг үл тоомсорлосон хүмүүс эсвэл бүлэгт таны талаар хангалттай мэдээлэл байсан уу?

Үл тоомсорлол алдаатай эсвэл дутмаг мэдээллийн үндсэн дээр бий болдог. Эсвэл зүгээр л тухайн хүний төсөөллийн алдаа байх үе байдаг. Үндсэн шалтгааныг ол.

Уур бухимдал

Тухайн нөхцөл байдлаас холдуулах. Асуудлыг бодитоор харахад туслах.

Шантрах

  • Таны ур чадвар өмнөхөөсөө буурсан уу?
  • Танд тулгарч байгаа саад бэрхшээл өмнө нь үүсч байсан уу?

Шантрал бол зорилго, хүсэл мөрөөдөл, сэтгэл ханамжийг бүрхэх хөшиг юм. Хүн бүрт ийм үе тохиолддог бөгөөд даваад гарсны дараа өөрийн үнэлэмж буцаад сэргэдэг. Энэ тохиолдолд тэд хийж байсан зүйлээ орхихгүй байх нь чухал гэдгийг ойлгуулах.

Стресс

Анхаарал бол сэтгэл хөдлөлийг зохицуулагч. Энэ нь түгшсэн байгаа амигдалаг тайвшруулахад тусалдаг. Тиймээс уурласан, гунигласан, түгшсэн гэх мэт сэтгэл хөдлөлөө өөр ямар ямар нэг зүйлд анхаарал хандуулснаар удирдах боломжтой. Шинэ зүйл сурах, ямар нэг зүйлийн төлөө улайран тэмц.

Тэдний мэдрэмжийг хорих хэрэггүй. Хүмүүсийн гуниг, ганцаардал, сэтгэл зүйн таагүй байдлаа даван туулахын тулд өөрийгөө завгүй байлгах нь 100% эхэн үедээ тийм ч тохиромжтой бус шийдвэр. Таагүй нөхцөл байдал үүссэнээр хүмүүс гуниглах нь натурал байх ёстой үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэн нэгний битгий гунигла гэдэг үгээр мэдрэмжээ удирдах боломжгүй учир эхлээд тэднийг тайвшруулахын тулд гуниглахыг нь зөвшөөр. Уйлах нь нийгмийн харилцаа, ойлголцол, сэтгэл хөдлөлийг эерэгжүүлэх үндсэн хэрэглэгдэхүүн. Нулимс нь уур бухимдлыг бууруулж байдаг.

Жишээ татахдаа болгоомжтой ханд. Гуниглаж байгаа хэн нэгэнд асуудлыг нь ойлгуулахын тулд бид заримдаа бусдад эсвэл өөрт тохиолдсон жишээг татдаг. Гэхдээ тэдэнд “энэ бол миний даван туулж байсан асуудлын хажууд жижигхэн зүйл гэж хэлэх хэрэггүй”. Үүний оронд ижил төстэй асуудлыг хэрхэн даван туулж байсан талаараа хэлэх нь зүйтэй. Тухайлбал “Би хэзээ ч ийм зүйлтэй тулгарч байгаагүй, гэхдээ мэдрэмжээ даван туулахад чинь туслах зүйлсийг мэднэ” гэж хэлнэ.

Тэднийг ойлгож байгаагаа илэрхийл. Гэхдээ маш сайн ойлгож байгаа мэтээр аашлах хэрэггүй, учир нь хэн ч бусдын мэдрэмжийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Заримдаа хүмүүс өөрсдийн асуудалд тохирсон шийдэл,  зөвлөмжийг хүсдэг боловч удалгүй мэдрэмжиндээ хөтлөгддөг. Тиймээс таны хийх үйлдэл зөвхөн ярих биш харин тэднийг өөрийн мэдрэмжээ ойлгоход туслах хэрэгтэй. Тэдэнд тохиолдсон бэрхшээлийг багасгах эсвэл тэднийг зоригжуулах гэж хүчлэх хэрэггүй. Энэ нь тэдний таагүй мэдрэмжийн шалбаагаас шуудхан татаж гаргахаас илүү үр дүнтэй байх болно. (Хэлэх тохиромжгүй үгс)

Тэднээс асуулт асуу.

  • Юу болсон талаар яриач
  • Чамайг тавгүйтүүлж байгаа зүйлсийн талаар ярилцъя
  • Чи энэ талаар юу гэж бодож байна
  • Энэ байдалд хүргэсэн нөхцөл байдлыг чи юу гэж бодож байна
  • Чамайг илүү ойлгоход надад туслаач
  • Юу мэдэрч байна, хэзээнээс ингэж мэдэрч байна?
  • Юу хамгийн ихээр санааг чинь зовоож байна ?

Эдгээр асуултууд нь гуниглаж буй нэгний нөхцөл байдлыг ойлгох, тэднийг мэдрэмжээ гадагшлуулахад болоод өөрийн нөхцөл байдлыг ойлгож дараа нь юу хийх хэрэгтэй талаар дүгнэлт хийхэд нь туслах болно.

Гэхдээ хэрэв тэдний асуудал үнэхээр жижиг зүйл бол. Энэ тохиолдолд эхлээд та тэднээс асуудалд хэрхэн хандаж байгааг болон гарах арга замыг мэдэж байгаа эсэхийг нь лавлаж асуу. Хэрэв тэд хариулж чадахгүй бол тэдэнд өөрийн зүгээс зарим санаануудыг хуваалц. Тэд таны хялбархан ойлгочих зүйлийг хараахан олж хараагүй ч байж болно. Мэдрэмж бодит байх албагүй гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Мөн зарим тохиолдолд гомдоллох, гуниглах нь тогтмол болох тохиолдол байдаг. Энэ үед бүхий л зүйл хэцүү санагдаж, амьдралын сэтгэл ханамж маш ихээр багассан байдаг. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилсэн бол мэргэжлийн сэтгэл судлаачтай холбож өгөх хэрэгтэй.

Тэд ярилцахыг хүсэхгүй бол. Зарим тохиолдолд хүмүүс үнэхээр ярихыг хүсдэггүй, тэдэнд чимээгүй байдал хэрэгтэй. Гэхдээ таны хийж буй үйлдлүүд тэдэнд үгнээс илүү тайвшралыг өгөх боломжтой. Юун түрүүнд тав тухтай бөгөөд шинэ мэдээлэл, мэдрэмж төрүүлэх орчинд оч. Амтлах, үнэрлэх, харах, мэдрэх хүртэхүйгээр дамжуулан таагүй мэдрэмжүүдийг сарниул. Тэдний мөрөнд зөөлөн хүрэх, тэврэх үйлдлүүдийг хийх эсвэл хамт алхах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр нөлөөлж болно. Гунигтай үед хүний биеийн хэлэмж сул, унжгар байдаг. Цэх зогсоод, гараа алдлах, суниах зэрэг нь сэтгэл санааны байдлыг дээрдүүлдэг.

 

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements