Их олон зүйл дээр санаа нийлж, заримдаа намайг хамгийн сайн сонсогч болчихдог найзаасаа өөрийнхөө талаар их олон дүгнэлтүүдийг олж сонсдог минь энэ талаар бодоход хүргэж билээ. Үнэндээ сайн зөвлөгөө авахын тулд биш харин сайн ярихын тулд найздаа ханддаг юм. Миний өөрөө ч анзаараагүй үйлдэл, сэтгэл хөдлөл, мэдрэмж, шийдвэрүүдийг маань аль хэдийн анзаарчхаад надад хэлдэг нь үргэлж гайхшруулж орхидог.

Харин нэг удаа сониуч зан минь хөдлөөд өөрийнх нь тухай нухацтайгаар асууж үзсэн юм. Хариулт нь их сонирхолтой бөгөөд яг л миний төсөөлж байсан шиг байсан. Тэд бусдыг мэддэг шигээ өөрсдийгөө мэддэггүй. Байнга өөрийнхөө үг, үйлдэлд дүгнэлт хийж ажиглаж байдаг миний хувьд энэ их этгээд санагдаж билээ. Бусдыг болон өөрийгөө ажиглагч хүмүүсийн зарим ялгааг дурдъя лдаа

Өөрийгөө ажиглагч хүний шинжүүд Бусдад чиглэсэн хүний шинжүүд
  • Өөртөө дүгнэлт өгдөг
  • Бусдыг сонирхдоггүй буюу харилцаанаас зайлсхийдэг
  • Бусдын үйлдэл, зан төлөвт тийм ч мэдрэмжтэй бус
  • Өөрт чиглэсэн үгэнд эмзэг мэдрэмтгий
  • Өөрийн хяналт өндөртэй
  • Бусдад эмпати ханддаг
  • Бусдыг анхааралтай сайн сонсдог
  • Бусадтай амархан сайн дотносдог
  • Өөртөө төвлөрдөггүй
  • Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нээлттэй илэрхийлдэг
  • Өөрийн мэдрэмжийн талаар гүн гүнзгий бодож дүгнэлт хийдэггүй

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд темперамент гэдэг ойлголтыг оруулж ирснээс хойш өнөөдрийг хүртэл бие хүний зан чанарыг тодорхойлоход гарсан ахиц дэвшил их арвин.

Австралийн сэтгэл судлаач Dorothy Rowe экстраверт болон интроверт зан төлөвийн талаар бичихдээ

> Инторвертүүд өөрсдийн дотоод мэдрэмж, төсөөллөө илүү сонирхдог. Тэд өөрсдийн үнэн гэж итгэсэн зүйлээ илүүтэй сонсдог. Харин экстравертүүд өөрийн гадагшаа илэрхийлж буй мэдрэмж, өөрийн талаарх төсөөллөө илүү сонирхдог. Бодит байдлыг илүү сонсох хандлагатай.

> Интровертүүд хувийн зорилгодоо чиглэдэг бол экстравертүүд сайн харилцааг илүү чухалчилдаг

> Интровертүүд хэт их хүмүүс дунд ядарсан учраас бүлгийг орхидог. Харин экстравертүүд үл тоомсорлогдох мэдрэмжээс болж бүлгийг орхидог гэжээ

Түүний дүгнэлтээс экстравертүүд юунаас айдгийг ч мөн тодорхой харах боломжтой. Өмнөх нийтлэлд (ИНТРОВЕРТҮҮД ЮУНААС АЙДАГ ВЭ) дурдсан интровертүүдийн айдсаас ялгаатай нь тэд өөрчлөлтөөс айдаггүй харин хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас айдаг. Тэд ямар ч харилцаанд нээлттэй байдаг боловч тэдний яриаг үл тоомсорлох нь тэдэнд маш тав тухгүй байдлыг өгдөг.

Сэтгэл судлаачид аль ч зан төлөв өөрсдийн гэсэн давуу тал, онцлог талтай гэдгийг санал нэгтэй хэлдэг бөгөөд тэд цаг мөч бүрт бие биенээ нөхөж оршдог. Флоренс Литтауэр темпераментийн талаарх номондоо флегматик болон сангвиник төрлийн хүмүүс хоорондоо хүчтэй таталцдаг талаар бичсэн байдаг.

Өөрийгөө ажиглагчид зөвхөн өөрийн дотоод дуу хоолойг сонсож байх хооронд бусдыг ажиглагчид тэднийг аль хэдийн анзаарч харчихаад яриа өдөн зогсох нь хүмүүс хоорондын харилцааг илүү сонирхолтой болгодог.

Жич: Темперамент нь флегматик, сангвиник, меланхолик, холерик гэсэн 4 хэв шинж байдаг боловч уг нийтлэлдээ тус бүрт нь тайлбарлахыг хүссэнгүй (энэ талаар маш их мэдээлэл байдаг).

ДОТОГШОО БУЮУ ӨӨРИЙГӨӨ АЖИГЛАГЧ (флегматик, меланхолик), ГАДАГШАА БУЮУ БУСДЫГ АЖИГЛАГЧ (холерик, сангвиник)

 

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements