Өдөрт 8 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг гэж тооцоолвол долоо хоногт 40 цагийг гэр бүл шиг болсон хүмүүстэй хамт байдаг гэсэн үг. Ажлын ачаалал, бие хүний онцлог, таагүй үл явдал, мэдээллийн алдагдал гээд их олон хүчин зүйлээс болоод амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөж буй тэдгээр хүмүүстэй таарамжгүй харилцаатай болох үе байдаг. Хамт олны уур амьсгал таагүй байх нь тааруухан ажил хийснээс илүү сөрөг нөлөөтэй. Өдөр бүр ажилдаа дурамжхан ирж 8 цагийн турш зомби шиг суух нь амьдралдаа хандах сэтгэл ханамжийг тань сүйрүүлж орхих болно.  Хамтрагчдаа уурлах эсвэл уучлах гуйх хоёрын алийг нь ч хийж чадалгүй өнгөрөөх өдрүүдийг олон болгохгүйн тулд танд хүмүүсийн зан чанарыг ойлгох болон сэтгэл хөдлөлөө удирдах чадвар тус болно.

Өөр хоорондоо ялгаатай зан чанарууд бидний сонирхлыг нэг бол татаж эсвэл эсрэгээрээ бухимдуулж байдаг. Ажил дээрх төвөгтэй зан чанаруудын зарим жишээг авч үзье лдээ

ХОВ ЖИВ ТАРИГЧ

Ялангуяа олон хүнтэй байгууллагад цуу яриа хэзээ ч зогсохгүй юм шиг санагддаг. Хүний тооноос гадна цуу ярианд дурлагчид баг дунд байх нь ташаа мэдээллийн эхлэл болдог. Хов жив тараагчид харилцаанд донтсон хүмүүс байдаг бөгөөд тэд ямар нэг мэдээллээс хоцорчихвий гэдгээс тун их айдаг. Их сургуулийн нэг найз маань ангид болсон бүх үйл явдлыг мэддэг нэгэн байсан. Тэр өөрөө ч анзааралгүйгээр бусдаас шинэ соргог мэдээллийг эрэн сурвалжилж байдаг. Бүр сүүлдээ уулзах бүртээ “Тэр чинь юу болсон?” гэсэн асуултаас нь бултахын тулд уулзалтаа цуцалдаг байв.  Хов жив таригчдын зорилго нь хэн нэгний мууг үзэх гэсэн хүсэл биш харин хэрэгтэй хүн байх гэсэн хүсэл нь байдаг.

Шийдэл

  • Тэдний хов живийг зогсоохын тулд хэрэгтэй хүн байх гэсэн хүслийг нь ашиглах хэрэгтэй. Байгууллагын дотоод харилцаа холбоог зохицуулагч хийх нь тэдэнд таалагдаж болох юм.
  • Өөр нэг арга бол тэднээс асуулт асууж сурах. Хэрэв тэд танд хэн нэгэн эсвэл ямар нэг үйл явдлыг талаар яривал үнэнг илчилж чадах эсвэл ач холбогдлыг ойлгуулах асуултууд тавих хэрэгтэй.
  • Эсэргүүцэж сур. Бид өөрсдийн үгүй гэж хэлж чаддаггүй эсвэл дургүй байгаагаа хэлж зүрхэлдэггүй байдлаасаа болоод тав тухгүй байдалд орж байдаг. Тиймээс тэдэнд сонсохыг хүсэхгүй байгаа зүйлээ шууд хэлж сурах хэрэгтэй.

АНХААРАЛ ХҮСЭГЧ

Тэд бол бусдаас их хэмжээний анхаарал хүсэгчид бөгөөд хүрээлэн буй хүмүүсийнхээ цаг болон эрч хүчийг сорогчид байдаг. Өөрийнхөө санааг илүү гэж бодогч, цаг ямагт өөрийгөө бусадтай харьцуулагч, удирдлагын хандлага шударга бус байна гэж гомдоллогч, өөрийн таагүй сэтгэл хөдлөлдөө бусдыг татан оруулагч, хийсэн үйлдэл бүртээ магтаалыг хүсэгчид энэ категорт орж таарна. Тэдний ингэж авирлах нь хэд хэдэн шалтгаантай байж болох ч өөрийн энэхүү сул тал нь заримдаа хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий төвөгтэй байдгийг тэд ойлгох хэрэгтэй. Багийн бүх гишүүдийг өөртөө тааруулан өөрчлөнө гэдэг утга учиргүй зүйл.

Шийдэл

  • Тэднийг хэтэрхий анхаарах хэрэггүй. Энэ нь шоргоолжний үүрэнд элсэн чихэр асгахтай адил. Шаардлагатай бол тэднийг шүүмжил.

БУРУУТГАГЧИД

Тэдний таныг цаг мөч бүрт үзэн ядаж буй мэдрэмж төрж байгаа ч тэд бол зүгээр л эсэргүүцэгчид. Ямар нэг өөрчлөлт шинэчлэлт, санаанд үргэлж сөрөг хандлагатай байдаг нь хамт олныхоо итгэлийг унагаахад хүргэдэг.

Шийдэл

  • Тэдний хэлэх гэсэн санааг анхааралтай сонсох хэрэгтэй. Ихэнхи тохиолдолд тэдний эсэргүүцэл, сөрөг хандлага эрсдэлээс сэргийлэхэд тусладаг. Уурлаж бухимдах эсвэл өөрийн санааг батлах гэж хичээх нь үр дүнтэй биш учраас эсэргүүцэгчдийн саналыг ч мөн тусгах хэрэгтэй. Гэхдээ хэлэлцээр багийн гишүүдийн хандлага дээр биш харин үр дүн дээр төвлөрч байж үр дүн гарах болно.
  • Тэдний сөрөг хандлага гомдол хэмжээнээс хэтэрч байгаа юм шиг санагдвал нөхцөл байдлыг эелдэгээр тайлбарлах хэрэгтэй. Багийн бусад гишүүдийн мэдрэмж болон уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг нь ойлгуул.

ГОМДОЛ ТЭЭГЧ

Харилцаа ямар эмзэг байдгийг бид заримдаа мартаж орхидог. Бидний гаргасан нэг жижиг үйлдэл, үг хэн нэгэнд урт хугацааны гомдол болон үлдэх тохиолдолд байдаг. Хүмүүс бие биедээ гомдох нь асуудал үүсгэгч хэр том байгаагаас биш харин тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл хөдлөл, мэдрэмж нөлөөлөх нь элбэг. Тийм учраас анзаараагүй өнгөрөх нь элбэг. Гэхдээ үнэнг удаан нууж болдоггүй шиг гомдлыг нуух их хэцүү учраас танд ямар нэг байдлаар илэрхийлэх болно.

Шийдэл

  • Яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Бид юу хийхээ мэддэг боловч хийх зориг л байдаггүй. Тийм болохоор харилцаагаа аварч үлдэхийн тулд өөрөө түрүүлж алхам хийх хэрэгтэй. Ингэлээ гээд та буруутай болж байна гэсэн үг биш. Харин ч таны хүлээцтэй, ухаалаг үйлдэл гомдол тээгчид уур бухимдал нь хий хоосон зүйл байсныг ойлгуулах болно.

Дээр дурдсан цөөн хэдэн стресс үүсгэгч болон өөр бусад шалтгааны улмаас ажил дээр тавгүй цагуудыг даван туулхын тулд та өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements