“Зүүдийг соёлтой, боловсон хүнд байх ямар ч чанартай нь харьцуулах боломжгүй. Хүн зүүдээ зүгээр л яриад өнгөрөх бус өөртөө нь холбоотой зөн совин мэт хүлээн авдгаас болж өөрийгөө болон бодит амьдралаа ялгаж чадахгүйд хүрдэг.”
Карл Юнг

ЯАГААД
Заримдаа бид салж чадамгүй зүүднээсээ болоод бодит амьдралдаа урам хугарах ч үе гардаг. Хүүхэд байхдаа тэдгээр таатай мэдрэмжүүдээ эхнээс нь дуустал бичиж аваад дахин дахин уншиж мөрөөдөлдөө умбадаг байсан сан. Тэдгээр нууцлаг зүүдний агуулгаар дамжуулан бид өөрсдийн талаарх “ил биш” хүсэл болон мэдээллийг олж мэддэг бол зарим тохиолдолд зүгээр л яагаад тийм зүүд зүүдэлснээ гайхширч суудаг.

ЯАЖ
Нойрсох хооронд илрэх бүхий л зураглал, бодлууд болон сэтгэл хөдлөлийг зүүдэнд хамааруулан үзнэ. Зүүд ер бусын эсвэл энгийн байж болох бөгөөд ойлгоход төвөгтэй утга учиргүйгээс эхлээд дарамттай хүртэлх мэдрэмжийг өгч болно. Зарим судлаачдын үзэж байгаагаар зүүд нь сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй гэдэгт итгэж байхад нөгөө хэсэг нь зүүд ямар ч ач холбогдолгүй гэж баталдаг. Ernest Hoffman (Sleep Disorders Center at Newton-Wellesley Hospital in Boston) зүүд нь сэтгэл хөдлөлийг намжааж (нэг ёсондоо мэдрэмжээ гадагшлуулах боломж олгосноор) өгснөөр бидний ой тогтоолт болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжиж өгдөг гэжээ.

Зүүдний талаар мянган жилийн өмнөөс л философчид тайлбар хайж ирсэн боловч ердөө саяхнаас л эмпирик төвшинд судалгаа хийгдэж эхэлсэн.
1900-1950 он хүртэл З.Фройд-н “Зүүдний тайлал” онол сэтгэл судлаачид болоод олон нийтэд алдартай байсан. Уг онолоор хүүхэд насны дурсамжтай холбоотойгоор хүний ухамсаргүй (unconciuos)-с бий болсон “хүсэл” зүүдээр дамжин илэрдэг гэж тайлбарладаг (Энэ талаар З.Фройд “Зүүдний тайлал” номноос дэлгэрүүлэн унших боломжтой). Харин 1953 онд Aserinsky and Kleitman зүүдний талаарх анхны эмпирик судалгааг нүдний хөдөлгөөн (REM) -г судалснаар хийсэн байдаг. Уг судалгаа нь цаашид нойрны болоод зүүдний талаарх судалгаануудын эхлэл болж өгсөн гэхэд нэг алдахгүй бизээ. Үүнээс хойш зүүдийг тархины бүтэц, сэтгэхүй, тархины гэмтэл болон сэтгэл зүйн өвчлөлүүдтэй харьцуулсан судалгаанууд ар араасаа гарах болсон.

Зарим түүх болон соёлд зүүдийг бэлгэдэл зүйтэй холбон тайлбарласан мэдээллүүд их байдаг. Энэ талаарх мэдээлэл “сонжоо”-той нэгэн адил хүмүүсийн дунд алдартай. Гэхдээ дийлэнх тохиолдолд зүүд нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болон сэтгэл зүйтэй ихээхэн холбогддог. Бараг л хүн бүр айдас түгшүүр хүний мэдрэмж болон бодлуудад нөлөөлдөг гэдгийг мэддэг (тэгсэн мөртлөө зүүдний тайлалыг уншиж суудаг). Түүнчлэн стресс, түгшүүр, санаа зоволтууд нь бидний “ухамсаргүй” (subconscious)-д мөн нөлөөлж түүнийгээ зүүдээр дамжуулан гаргадаг. (Зүүдний шинжийн талаар зарим зүйлс) Таны шөнөжин зүүдэлсэн дүрслэлүүд өдөр болсон үйл явдал болоод бодлуудаас тань хамаарсан гэсэн үг.

ЯАВАЛ
– Санаа зовнил. Унтаж байх хооронд бидний тархины тодорхой хэсгүүд ажилласаар байдаг (уртавтар тархины бор гадарга) бөгөөд дурсамжууд ч мөн үүнд хамаардаг. Тиймээс хэдэн өдрөөр таны толгойд эргэлдсэн бодлууд тархинд доминант төлөвт оршиж байгаа учраас зүүдэнд онцгойлон тусгагддаг.
– Уур бухимдал. Таныг унтах үед сэтгэл зүйн байдал хэр тогтвортой байгаа нь ямар зүүд зүүдлэхэд нөлөөлнө. Үүнд тодорхой тайлбар өгөх их хэцүү боловч “уур бухимдал”- тай орондоо орсон үед та хангалттай тухтай амарч чадахгүйгээс гадна сэтгэл түгшээсэн зүүдтэй нүүр тулах шаардлага гардаг.
– Гомдол харуусал. Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн үйл явдал таныг гомдоосон бол тийм ч амархан алга болчихдоггүй. Хэдийгээр бид өөрөө өөрөөсөө нуухыг оролддог боловч зүүдээр тань дамжаад гомдлууд ил болдог. Заримдаа та гомдсон хэн нэгнээ зүүдэндээ “таагүй” байдлаар зүүдлэхдээ санаа зовдог л биздээ ? энэ үеүдэд өөрийгөө их муу хүн мэт эсвэл бидний дотор ямар нэг араатан байгаа мэт санагддаг байх. Үүний шалтгаан нь таны тайлагдаж амжаагүй гомдлууд байдаг.
– Айдас. Ирээдүйд үүсч болох эсвэл байнга л айж явдаг зүйлээ зүүдлэх бараг л хууль мэт зүйл. Ямар нэг зүйлд санаа зовж эхлэх үед зүүдэндээ айдаг зүйлээ харах тохиолдлууд ажиглагддаг. Өөрөөр хэлбэл таны айдас ямар нэг таагүй үйл явдлын бэлэг тэмдэг болж кодлогдсон гэсэн үг
– Онцгой агуулга. Бид бүгд өвөрмөц давтагдашгүй сонирхолтой. Тэдгээр сонирхлууд заримдаа ямар нэг гайхалтай агуулгаруу биднийг хөтөлдөг. Яг ийм шалтгаанаар хаа нэгтэйгээс олж мэдсэн (эсвэл зүгээр л хэн нэгний хэлсэн) сонирхол татах онцгой мэдээллийг зүүдэндээ үргэлжлүүлэн зүүдэлдэг.

Зүүд бол ихэнх хүмүүсийн сонирхлыг татдаг сэдэв бөгөөд үүний талаарх мэдээлэл, судалгаа өргөн байдаг. Мэдээж хэрэг зүүдний зөн совин, онцгой тохиолдлуудын талаар мэдээллүүд байх боловч энэ нь нийтлэг хүмүүсийн хувьд маш бага хувийг эзэлдэг. Тиймээс дийлэнх тохиолдолд энэ нь өвөрмөц утга учиргүй боловч магадгүй анхаарах шаардлагатай (эрүүл мэнд, амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөл, мэдрэмж) зүйл байж болно. Жишээ нь таны гомдол урт хугацаанд үргэлжлэн улмаар зүүдэнд тань хүртэл үзэгдээд эхэлсэн бол та ямар нэг байдлаа үүнийг шийдвэрлэх гадагшлуулах хэрэгтэй гэсэн үг.

                                                                                                                                                    Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements