Нэгэн нийтлэлч интровертуудыг өөртөө төвлөрөгч хүмүүс гэж нэрлээд Монголчууд өөрсдөө төвлөрсөн дүр төрхийг илүүд үздэг талаар үзэл бодлоо хуваалцсан. Магадгүй түүний үзэл бодол зөв байж болох ч ихэнхи нийгэмд экстравертүүдийг илүү манлайлагч бөгөөд идэвхитэй бие хүн гэж харах нь элбэг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүсийг дотогшоо (инторверт) болон гадагшаа (экстраверт) гэж ангилаад хоёр эсрэг туйл мэт хандах нь ажиглагддаг. Гэвч, үнэндээ 1920 -оод оны эхээр сэтгэл судлаач Карл Юнг уг ангиллыг гаргахдаа аль нэг шинж нь 100% байна гэж байхгүй гэдгийг онцолсон байдаг.

     1960 онд сэтгэл судлаач Ханс Айзенк интроверт болон экстраверт хүмүүсийн ялгаа нь маш энгийн бөгөөд бидний сэтгэхүй болон бие физиологи юунд тайвширч юунаас эрч хүч авч, нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас хамаарна гэжээ. Харин физиологи үндэсийн хувьд хэд хэдэн судалгаагаар интроверт болон экстраверт хэв шинжийн хүмүүсийн тархины ялгаатай байдлыг илрүүлсэн байдаг. Товчхондоо интровертуудын хувьд гадны нөлөөг хүлээж авах зам нь экстравертүүдийнхээс арай урт.  Экстравертүүд амтлах, хүрэх, харах, сонсох хүртэхүй дээр илүү тулгуурлаж өдөөгчид хариу үйлдэл үзүүлдэг бол интровертуудын хувьд сэргээн санах, төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх гэсэн илүү ярвигтай процессыг дамжин өнгөрдөг. Тийм ч учраас интровертүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхдээ их “удаан” байдаг.

   Интровертүүдийн өөр нэгэн онцлог бол мэдрэмтгий байдал. Зохиолч Elaine Aron хэлэхдээ “Интровертүүд аливаад гүн гүнзгий ханддаг. Энэ нь тэдний сэдэлжсэн, айсан, уурласан гэх мэт  хүчтэй мэдрэмжүүдээр дамжуулан ямар нэг зүйлийн тухай улам лавшруулан боддогтой холбоотой”. Ихэнх тохиолдолд энэ нь бүтээлч байдлыг дэмждэг боловч сөрөг мэдрэмжүүд давамгайлах үед интровертүүд маш ихээр ядардаг. Энэ байдал нь мэдрэмжүүдээ гэмтээхгүй байх, тав тухтай байдалдаа үлдэх буюу айлгадаг зүйлсээс аль болох зугтахад нөлөөлдөг. Интровертүүдийн айдас бие хүний онцлогоосоо хамааран янз бүр байх боловч хэд хэдэн нийтлэг тохиолдлуудыг дурдаж болох юм.

Интроверт байхаас айх

Quiet номын зохиолч, хуульч Susan Cain өөрийн Ted дээр ярьсан илтгэлдээ нийгэм болон бусад хүмүүс интровертуудын чимээгүй байдлыг “зожиг” эсвэл “буруу” гэж дүгнэдэг бөгөөд нээлттэй болон багийн гишүүн байлгах гэж хичээдэг талаар дурдсан. Түүний илэрхийлж буй гол санаа нь интровертууд өөрийн гэсэн хүч чадалтай бөгөөд тэдэнд ганцаараа байх боломжийг нь олгож хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь хийлгэх хэрэгтэй гэдэгт байв.

   Үнэндээ интроверт хүн бүрт нэг иймэрхүү нөхцөл байдал тулгардаг. “Чи хэтэрхий чимээгүй юм”, “Чамд хэцүү байна уу”, “ Чи өөрийн санаагаа хэлэхгүй гэж үү”, “ Ганцаараа байхыг үнэхээр хүсэж байгаа юмуу” гэх мэтчилэн гайхсан, айсан эсвэл санаа зовсон асуултуудаас болоод интровертүүд өөрийн онцлогийг буруу мэтээр хүлээн авдаг. Мэдээж хэрэг өөрийгөө илэрхийлэх болон бусад харилцах чадварууд бол сайн зүйл. Бид бусдын дунд байхдаа бид илүү хурдан өөрчлөгдөж чаддаг (тодорхой сэтгэл зүйн хямралаас гарахад харилцаа холбоо хамгийн чухал дэмжлэг болдог), гэхдээ нөгөө талд ганцаараа байх үедээ (өөрөө өөртэйгөө ярилцах) бид шинэ санаа гаргаж, бүтээлч байж, удаан хугацаанд санаа зовсон асуултынхаа хариултыг олдог.

  Инторвертүүд ч мөн дотроо зан характер, амьдралын хэв маягийн хувьд ялгаатай байдаг. Миний сайн танил интроверт эмэгтэй хэрхэн бүх зүйлийг өөрийн арга барилаар хийхийг мэддэг бөгөөд өөрийн онцлог байдлыг хүч чадлыг гүн гүнзгий ухаарсан байдаг. Интровертуудын түүнээс суралцах ёстой зүйл бол “хэрхэн интроверт байх вэ?” буюу хэрхэн өөрийн гэсэн арга барилыг ашиглаж сурах вэ? гэдэг юм.

Харилцаанаас айх

Ерөнхийдөө интровертуудын гол онцлог. Тэд (бид гэж хэлсэн ч болох юм) чимээгүй тав тухтай орчноос өөрийн эрч хүчийг олж авдаг бөгөөд аль болох нийгмийн арга хэмжээ, уулзалт, зугаалга зэргээс зугтаж байдаг. Заримдаа бид зүгээр л харилцаанаас айсандаа ямар нэг шалтаг бодож олдог. Түүнээс гадна бид мэдрэмтгий, утсаар ярихыг үзэн яддаг, хэт их зүйл бодож маш бага ярьдаг, ярихаас илүү бичихийг илүүд үздэг.

Эвгүй байдалд орохоос айх

Интровертууд бол төрөлхийн л шинэлэг зүйлд таатай ханддаг хүмүүс биш. Түүнээс гадна тэд аливааг асуух биш өөрөө олж мэдэх дуртай. Энэ нь эвгүй байдалд орох айдастай нь ямар нэг талаараа хамааралтай санагдана. Жишээ нь ямар нэг зүйл тэдний хүсэлд нийцэхгүй байлаа гэж бодоход тэр дороо шууд илэрхийлэхийн оронд зүгээр л тухайн нөхцөл байдлаас зугтах нь элбэг. Ингэснээрээ маш олон боломжуудыг алдаж байгаагаа ойлгодоггүй. Үнэндээ эвгүй байдлаас айх айдсыг даван туулахын тулд “асуух” гэдэг зуршлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Хүсч байгаа зүйлээ авах заримдаа тийм ч хэцүү биш байдаг.

Өөрийгөө алдахаас айх

Сэтгэл судлаач хүмүүсийн дунд ажиллахдаа би өөрчлөлтийг таатайгаар хүлээн авч сурсан. Өөрсдийн боломжийг алдсан эсвэл амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа, бие хүний асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа хүмүүст нийтлэг “өөрийгөө алдахаас айх” буюу энэ би биш гэсэн бодлууд байх нь түгээмэл. Өмнөх “Би хэн бэ, би ямар хүн бэ, би юу хийх вэ” гэсэн нийтлэлдээ би бид цаг ямагт л хувирч өөрчлөгдөж байдаг талаар дурдсан. Тиймээс өөрийгөө алдана гэхээс айх ямар ч шаардлагагүй. Харин өөрийн хийж болохгүй зүйлсийн хэм хэмжээг давахаас л айх хэрэгтэй. Хэн байхыг хүсэж байна тэр хүнийхээ түүхэнд байлгахыг хүсэхгүй байгаа үйлдлийг одооноос тодорхой болго.

Өөрийгөө алдахаас айхаас гадна бид “би чадахгүй байх” гэсэн айдас бидний томоохон хүлээс болдог. Үнэндээ өөрийн чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг зүйлээ өндөр төвшинд биш юмаа гэхэд сонирхогчийн төвшинд хүртэл бэлтгээд хийхэд та юуг ч алдахгүй. Жишээ нь урлагт үнэхээр хайртай мөртлөө би чадахгүй гэж боддог байж болно. Сэтгэл судлаач хүний зүгээс зөвлөхөд тэр мөрөөдлөө гурван сарын хугацаанд өөрийн болгох гээд үзээрэй. Эхний нэг сард нь өөрийн бодлыг цэгцэл (жишээ нь би бол хөгжимчин хүн гэсэн бодлыг өөртөө суулгаж, өөртөө итгүүл), тэгээд тэр талаарх мэдээллийг маш сайн цуглуул, юу хийж болох хэрхэн хийх талаараа төлөвлө. Харин үлдсэн хоёр сард нь үйлдэл хий.

Б.Ганзул

Интровертүүдийн тухай илүү сонирхолтой нийтлэлүүд introvertspring.com сайтаас унших боломжтой.

Advertisements