Сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн эдгээр өдрүүдэд хүн бүр өөрт тулгарсан асуудалдаа хариулт олохыг хүсдэг. Гэвч нөгөө талд сэтгэл зүйч дээр очно гэдэг сэтгэцийн өвчтэй хүний гаргах шийдвэр мэт төсөөлөх нь цөөнгүй. Тиймээс танд туслах үүднээс дараах нийтлэлийг оруулж байна.

Хэрэв танд доор дурдсан шинж тэмдгүүд таньд илэрвэл сэтгэл зүйн тусламж шаардлагатай байгааг илтгэнэ. 

Нойргүйдэл 

Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцлөөс үүдэн иргэд архаг стресст өртөх, түүнийгээ эмчлүүлэлгүй явсаар сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэг, нойргүйдлийн эмгэг зэрэгт өртөх нь түгээмэл буйг СЭМҮТ-ээс байнга мэдээллэдэг. Хүний бие физиологи хэвийн үйл ажиллагаа явуулахад сэтгэл санаа тайван байх нь чухал нөлөөтэй. Жишээлбэл, та хэдий ядарсан ч шөнө орондоо хэвтээд шууд унтаж чаддаггүй, магадгүй хэдэн цагаар хөрвөөдөг, үүнээс үүдэн өглөө сэрсний дараа бие амраагүй, ажиллах идэвхгүй байдаг бол таны сэтгэц-физиологийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгааг илтгэнэ.

Нойргүйдэл нь ихэвчлэн тухайн хүн (1) сэтгэл гутралаас болж шаналж байгааг,  (2) сэтгэл түгшүүртэй байгааг, эсвэл (3) мэдрэлийн ядаргаанд өртсөн байгааг илтгэдэг.

Нойргүйдлийн учир шалтгаанаас хамааран тохирсон заслыг сэтгэл судлаач болон сэтгэцийн эмч санал болгоно.

Бусад нойрсолттой холбоотой асуудлууд

Шөнө унтаж байгаад огцом цочин сэрэх, сэрсний дараагаар сэтгэл түгшиж айдаст автах нь хэд хэдэн ялгаатай нойрны эмгэгийн үед илэрдэг. Энэхүү шинж нь хар дарж зүүдлэх эмгэг, унтаж байх үеийн паник зэргээс шалтгаалж байгаа үед сэтгэл зүйн эмчилгээ шаардагддаг.  Олон давтамжтай хар дарах нь сэтгэцийн гэмтэлийн дараах стресс эмгэгийн үед түлхүү илэрдэг. Энэ тохиолдолд сэтгэл судлаачид хандах нь хамгийн үр дүнтэй. Хар дарах эмгэгийг бусад нойрны эмгэгүүдээс ялгах гол шинж нь цочин сэрсний дараагаар тухайн хүн хар дарсан зүүдээ маш тодоор санаж байдаг . Харин nocturnal panic буюу унтаж байх үеийн паникийн үед сэрсний дараагаар зүүд санагдахгүй, шалтгаангүйгээр маш их айх,  зүрх хүчтэй цохилох, амьсгаадах, хөлрөх зэрэг шинжүүд илэрдэг ба хэт их стрессээс үүдсэн байх магадлалтай.

Өөртөө илгэлгүй, аливаа зүйлд сонирхолгүй болох, өөрийгөө буруутгах, амиа хорлох бодол ойр ойрхон төрөх

Эдгээр шинж нь сэтгэл гутралын үед илэрдэг ба энэ нь таны буруугаас шалтгаалсан бус сэтгэл гутралын үе дэх тархины үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж буйг ойлгох хэрэгтэй. Сэтгэл гутралын түвшинг оношлох нь чухал ба хүнд түвшинд дан ганц сэтгэл засал бус эмийн эмчилгээ давхар хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Аливаа зүйлд санаа зовнихоо зогсоож чадахгүй байх

Бид бүгд аль нэг үед тодорхой зүйлд санаа зовох үед байдаг. Энэ нь орчин үеийн хүнд хэвийн үзэгдэл. Гэсэн ч та аливаа зүйлд хэт их зовних, тэр бодлоосоо өөр зүйлд төвлөрч чадахгүй байх, цаашлаад энэ нь таны эргэн тойрны хүмүүсийн амгалан тайван байдалд нөлөөлж эхлэх үед санаа зовнил, сэтгэл түгшүүр маань хэвийн хэмжээнээс хальсан байгааг илтгэнэ. Магадгүй та сэтгэл зовнилоосоо болоод нэг үйлдлийг маш олон давтаж хийх, жишээ нь бактер халдварлахвий гэхээс айн маш олон удаа гараа угаах, эсвэл хүүхэд тань аюулгүй байгаа эсэхт зовнин маш ойрхон давтамжтай залгах, хаалгаа түгжсэн билүү гэдгээ заавал 5, 10, 20-с дээш удаа шалгах гэх мэт нь таныг түгших эмгэгийн нэгэн төрлөөс болж зовж байгааг илтгэнэ.

Дээрх шинж тэмдэгүүд нь түгээмэл тохиолддог жишээ бөгөөд сэтгэл судлаачид хандах бүх асуудлыг илэрхийлэхгүй.

Эдгээрээс гадна бусад сэтгэл зүйн тулгамдсан, санаа зовоосон асуудалтай мэргэжлийн хүний тусламж дэмжлэгийг авах нь илүү үр дүнтэй байдаг. 

Сэтгэл судлаач:    Б.Алтанцэцэг

Advertisements