Хүүхэд тань таныг сонсохгүй эсвэл бүр үл хүндэтгэсэн байдал гаргаж эхэлсэн үү?  Яагаад тэд сонсдоггүй вэ? Яагаад тэд бидний үгийг үл тоомсорлож эсвэл зөрүүдлэдэг вэ? Үнэндээ үргэлж асуугддаг энэ асуултанд ид шидтэй хариулт (арга чарга) огт байхгүй. Учир нь

“хүүхэд тань таны яриаг сонсохгүй байгаа бол та хүүхдээ анхааралтай сонсдоггүй л гэсэн үг”.

Ихэнх тохиолдолд ээж аавууд хүүхдийнхээ зөрүүд зан эсвэл үл тоомсорлолтыг хүчээр, чангар дуугаар, эрх мэдлээрээ шийдвэрлэх гэж оролддог. Хүчээр шийдсэн зүйлс урт хугацаанд оршин тогтнодоггүйтэй адилаар таны эрх мэдлээр далайлгасан хүлээн зөвшөөрүүлэлт ч мөн богино хугацааных байдаг. Тиймээс л хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг үл тоомсорлож эхэлдэг.

Дээр дурдсанчлан ид шидгүй боловч асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хэрэв та сэтгэл судлаачид уг асуудлаар хандаж байсан бол тэдны арга барил хэрхэн үр дүнтэй харилцахад чиглүүлдэг болохыг олж мэдсэн байх.

Энэ нийтлэл таньд хүүхэдтэйгээ хэрхэн үр дүнтэй харилцаж сурахад тань туслах мэдээллийг хүргэх болно. Доорх харилцааны зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө та хүүхдээ хэр сайн мэддэг вэ? Сүүлийн 1 жилийн хугацаанд таны хүүхдэд ямар, ямар өөрчлөлтүүд гарсан бэ? гэдэг асуултын дагуу тунгаан бодоорой. Таниас илүү хүүхдээ ойлгох хүн байхгүй боловч таны харж чадахгүй “сэтгэл зүй”-н өөрчлөлтүүд байгааг үгүйсгэж болохгүй юм.

1. Ярихаасаа өмнө холбоо тогтоо

Та хүүхэддээ зөвлөгөө өгөхөөсөө өмнө түүний нүдрүү харж анхаарлыг нь төвлөрүүлж холбоо үүсгэх хэрэгтэй. Холбоо тогтоохын тулд магадгүй өөрт нь шууд хэлж ч болох юм. Жишээ нь Сувдаа чи надад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм, Болдоо чи намайг сонсооч би яг одоо чухал зүйлийн талаар ярих гэж байна гэх мэт.

2. Хүүхдээ нэрээр нь дууд

Ямар нэг үүрэг даалгавар өгөх гэж байгаа бол түүнийг нэрээр дууд. Ингэх нь хүүхдийг өөрт нь хамааруулж байгаа гэсэн мэдрэмжийг өгөх болно. Хүүхдийн тань нас эсвэл бие хүний онцлогоос хамааран анхаарал хандуулах чадвар нь харилцан адилгүй байдгыг санах хэрэгтэй.

 

 

3.  Түүнээс ойлгосон үгүйг нь лавла

Энэ зөвхөн хүүхэдтэйгээ харилцах харилцаанд ч биш бүхий л харилцаанд гардаг бэрхшээл. Учир нь харилцаа 2 талтай (мэдээлэл дамжуулагч, мэдээлэл хүлээн авагч). Мэдээлэл дамжуулагч буюу ярьж буй хүний яриаг сонсож байгаа хүн өөрийнхөөрөө ойлгодог. Энэ нь тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, нөхцөл байдал эсвэл бүр тэр хүн юунд илүү ач холбогдол өгч сонссоноор хамаардаг. Тиймээс харилцан яриагаа амжилттай дуусгахыг хүсч байгаа бол ойлгосон эсэх ? юу гэж ойлгосон ? болохыг нь лавлаад асуучихад гэмгүй. Хэрэв тэр бүрэн дүүрэн (эсвэл зөв) ойлгоогүй бол лавлаж асуухаас ч илүү төвөгтөй нөхцөл байдал үүсэх болно.

4. Түүнд татгалзах зөвшөөрлийг олго

Мэдээж таны хэлж байгаа үг, зөвлөгөө, сургамжийг тэр заавал биелүүлэх ёстой. Гэхдээ та шууд тулгах юм бол хүүхдэд түүнд хүнд даалгавар эсвэл бүр дарамт шахалт мэт санагдах болно. Тиймээс үүний оронд түүний саналыг асууж өөрөөр нь зөвшөөрөх хүсэлтийг гаргуулах хэрэгтэй.

 

5. Заавар өгөхдөө “Би хүсч байна гэж хэл”

Зүгээр л “боль” гэж хэлэхийн оронд “би чамайг болиосой гэж хүсч байна гэж хэл”

6. “Хэрэв………. Тэгнэ”

Энэ бол шагналын зарчим. Хэрэв чи шүдээ угаавал бид үлгэр унших болно. Хэрэв чи хичээлээ хийгээд дуусчихвал хамтдаа зурагт үзнэ гэх мэт. Та энэ зарчимыг аль ч насны хүүхдэд хэрэглэж болно. Гэвч бидний дүрэм бол шагналын зарчимыг шийтгэлийн зарчимтай хамт хэрэглэх юм.

 

7. Сонголтыг өг

Чи эхлээд унтлагын хувцасаа өмсмөөр байна уу эсвэл шүдээ угаамаар байна уу? Улааныг өмд өмсөх үү эсвэл өөр өнгөтэйг үү? Энэ бол унтлагын хувцасаа өмс, шүдээ угаа, өмд өмс гэж шууд хэлсэнээр хамаагүй илүү үр дүнтэй арга.

 

8. Нийгэмтэй тохируул

12 настай хүүхэд “уучлаарай” гэдэг үгийг аль хэдийн сурсан байх ёстой, ёс журмыг дагах хэрэгтэй. Энэ бол бүгд л суралцдаг зүйл. Тиймээс түүнд үүнийг зааж өг. Ингэснээр тэр бусдыг болон таны яриаг хүндэлж сурна.

 

 

9. Сонсогч бай

Зааварлахаасаа өмнө түүний үгийг сонс. Хүүхэд ч бас өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэйгээс гадна тэгж байж л тэд сонсож чадна. Эхлээд учир шалтгааныг, юу хүсч байгааг нь сонсвол та бухимдах шаардлагагүй ба нөгөө талаар цагаа дэмий үрэхгүй.

 

10. Чамайг тэгэх үед………… надад санагддаг

Чамайг буруу зүйл хийхэд надад үнэхээр хэцүү санагддаг. Хүүхдүүдэд учир шалтгааныг болон мэдрэмжүүдийг зааж өгөх хэрэгтэй. Энэ нь зүгээр ч үгэндээ оруулах биш харин бусдыг хайрлахад сургадаг.

 

 

Б.Ганзул

Advertisements