Өдөр өдрөөр нүцгэрч байгаа модод, цаг цагаар өнгөө хувиргаж буй байгаль дэлхий таньд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Магадгүй ихэнхи  хүмүүст энэ тийм ч ач холбогдолтой санагдахгүй байхад зарим хүмүүст нь уйтгар гуниг, өнгөрсөн дурсамжийг чинь сануулж байж болох юм. Тэгвэл та ганцаардаад байгаа юм биш биз?

Ганцаардал нь ямар нэг зүйл дутагдаж байгааг илтгэдэг. Мэдээж та өөрийн дутагдаж байгаа зүйлээ олохгүй бол бусад зүйлээр ганцаардлаа арилгах хэцүү юм. Тэгвэл бид юугаар дутаж ганцаарддаг юм бэ? Хүнд дутагдаж байдаг тэдгээр зүйлсийг хүн, үг, дотоод ертөнц гэнэ.

Хүн хүнээр дутах нь: Хүн бол нийгмийн амьтан, хүнийг зөвхөн бүлгийн нэг гишүүн үед л тодорхойлох боломжтой зэрэг нийгмийн тухай ойлголтуудыг та нэг бус удаа сонсож байсан байх. Бид заримдаа эзэнгүй арал дээр амьдрахыг хүсдэг. Тэгвэл яагаад заавал бусад хүмүүстэй хамт байж өөрийгөө тодорхойлуулах ёстой гэж гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд хариулт өгөх маш хялбархан. Учир нь та ганцаараа байхдаа тэр бүр уурлахгүй, баярлахгүй, үзэн ядахгүй, догдлохгүй нэг ёсондоо сэтгэлтэй хүн гэхээсээ илүү зүгээр л амьд организм болох бизээ. Бодоод үз лдээ та хэнтэй ч харилцахгүй шүү дээ. Тийм ч учраас хүн хүнээр дутдаг.

Хүн үгээр дутах нь: Хүмүүсээ хүнд сайхан үг хэлж бай. Хүнийг жаргаах үгэнд л битгий гуйлгачин бай гэж яруу найрагч Д.Урианхай хэлсэн байдаг. Үнэхээр л хүнээс ямар ч гарз, хохирол гаргадаггүй хирнээ нөгөө хүнээ туйлын баярлуулж чадах зүйл бол үг шүү дээ. Гэтэл бид тийм зүйлээ ашиглахгүй өөрийгөө ч бусдыг ганцаардуулж орхидог. Таны дотор байгаа сэтгэлийг, тархинд чинь байгаа бодлыг тааж мэддэг хүн хорвоо дээр цөөн биз. Түүнийг үг л оновчтой илтгэж чадна. Тиймээс бусдыг хайрлаж байвал, сайныг хүсч байвал бодоод л байлгүй хэлж бай. Таны хэлсэн ганцхан үг хэн нэгний амьдралд утга учир өгөх ч хүчтэй шүүдээ.

Хүн дотоод ертөнцөөр дутах нь: Дотоод ертөнц гэдэг бол та өөрөө, таны дуу хоолой. Хүмүүс ихэвчлэн үүгээр л дутдаг юм шиг санагддаг юм. Их хотын завгүй амьдрал дунд өөрийгөө сонсч, өөртэйгөө ярилцаж чаддаг хүн цөөн болохоор тэр бизээ. Гэтэл зөвхөн бид өөрсдөө л өөрийнхөө юу хүсч, хэн байхыг хичээж байгааг мэддэг шүү дээ. Түүнийгээ сонсолгүй бусдын нэгэн адилаар, бусдын дотоод ертөнцөөр алхаж яваа хүн л жинхэнэ ганцаардаж, өөрөөрөө дутагдаж байдаг юм. Амьдрал бол аз жаргалл, утга учир, ид шидээр дүүрэн орон зай. Гагцхүү юу таны хувьд үнэ цэнэтэй, юу таныг аз жаргалтай болгодог, хэн таныг инээлгэдэг вэ гэсэн асуултын хариултыг өөрөөсөө хайгаад үз. Хэрвээ олж чадвал таньд сонголт хийх л үлдэх болно.

Advertisements