Сэтгэл судлал болон социологийн шинжлэх ухаанд түрэмгийлэл гэдгийг бусдыг өвтгөх буюу гэмтээх гэсэн зорилго бүхий үйлдэл хэмээн тодорхойлдог. Үүнд санамсаргүйгээр хийсэн үйлдлийг хамааруулж ойлгож болохгүй.

Түрэмгийллийн талаарх судалгаа их байдгийн нэг нь тархины хэсэг бүрийг түрэмгийлэлтэй холбон судалсан судалгаа юм. Судалгааны үр дүнд тархины 2 хэсэг түрэмгийлэх зан үйлийг жолоодох буюу түүнд нөлөөлдөгийг тогтоосон. Үүний нэг нь амигдала. Үүнийг цочрооход түрэмгийлэх зан үйл илэрдэг, энэ хэсгийг авч хаявал өрсөлдөх, тэмүүлэх, түрэмгийлэх зан үйл эрс буурдаг байна. Нөгөө нэг хэсэг нь гипоталамус бөгөөд энэ нь түрэмгийллийг удирдан зохицуулах үүрэгтэй. Алкохол болон мансууруулах бодис хэрэглэсэн үед тархины энэ хэсэг сааталд ордог. Гиппоталамус сааталд орсоноор тухайн ярьж буй зүйл хийж буй үйлдлээ хянах чадвараа алддаг. Жишээ нь: Архи уусан хүмүүс бусдын санаандгүй хийсэн үйлдлийг зорилго чиглэлтэй үйлдэл хэмээн үзэж түрэмгий зан гаргадаг.

Тархи түрэмгийллийг удирдаж байгаатай адилаар мөн түүнд суралцаж болдог. Жишээ нь хүүхэд телевизээр гарч байгаа киноноос хүчирхийллийн хэсгийг харж түүнийг даган дууриадаг. Видео тоглоом ч мөн адил нөлөөлдөг.Үүнийг батлах нэгэн судалгаагаар видео тоглоом болон түрэмгий зан үйл хоёрын хооронд корреляци хамаарал маш өндөр гарсан байна. /Aronson, Wilson & Akert, 2005/. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ үзэж байгаа уншиж байгаа зүйлд хяналт тавих нь чухал байдаг. Цаашлаад таны гаргаж байгаа үйлдэл хүүхдэд үзсэн зүйлээс нь илүү хүчтэйгээр нөлөөлж байдаг. Учир нь хүүхэд таныг хамгийн мундаг нь гэж итгэдэг ба таны хийсэн үйлдлийг зөв гэж үздэг.

Түрэмгийллийн тухай мэдэх ёстой бас нэг хүчин зүйл бол түрэмгийлэл гадагшаа чиглэсэн байдаг боловч гол учир шалтгаан нь дотоод хүчин зүйлээс хамаардаг. Өөрөөр хэлбэл бид нөхцөл байдлыг удирдаж чадахгүй боловч ямар хариу үйлдэл үзүүлж чадахаа хянах боломжтой. Тиймээс хариу үг хэлэх гэж эсвэл үйлдэл хийх гэж яарахаасаа өмнө зөв буруугийн дэнсийг ашиглаарай. Энэ тохиолдолд уурлах нь үнэхээр зөв үү? Намайг ийм шийдвэр гаргалаа гээд нөхцөл байдал дээрдэх үү? Энэ тохиолдолд хэрхэн эерэгээр хариулж болох вэ? Гэсэн асуултуудыг өөрөөсөө асуугаарай.

Advertisements