Хүний амьдрал сонголтуудын хэлхээс мэт санагдах үе олон бий. Тэр тусмаа өнгөрсөн үерүүгээ эргэн харахад буюу алдаа оноогоо өөртэйгөө шүүн хэлэлцэхэд энэ мэдрэмж олонтоо төрдөг. Тэглээ гээд бид үргэлж зөв сонголтыг хийж чаддаггүй. Өглөө эртлэн босоод ном уншихаас илүү дахиад жаахан нойр авахыг, амралтын өдрөөрөө өөрийгөө хөгжүүлэхээс илүү гэртээ суугаад зурагт үзэхийг, биед хэрэгтэй хоолноос илүү амттаныг гээд л тухайн үед илүү таалагдаж байгаагаа л сонгож орхидог.

Гэхдээ сонголтыг зөв эсвэл буруу гэж дүгнэх нь өөрөө өрөөсгөл юм. Учир нь сонголт болгонд сул тал болон давуу тал оршиж байдаг. Гагцхүү тухайн сонголтын давуу талыг илүү олж харах, сул талыг багасгасанаар л сонголтыг жинхэнэ зөв сонголт болгох болно.

Дээрх санааг дүгнээд үзвэл таньд сонголт байна гэдэг нь нэг ёсондоо та эрх чөлөөтэй байгааг илэрхийлж байгаагаас гадна энэ нь өөрийн амьдралаа өөрөө зурахтай адил юм. Гол нь сонголтыг эрсдэл гэж харахаас түрүүлж боломж гэж харан зоригтойгоор эхний алхамыг хийх хэрэгтэй. Таны хэзээ ч хийж чадахгүй гэж боддог зүйл ч таны хувьд хялбархан байх боломжтой гэдгийг сана.

Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс зоригтой бас тууштай байдаг. Зоригтой байна гэдэг амжилтанд хүрэх эхний алхам бөгөөд эхний алхамыг хийхгүйгээр хэн ч сүүлийн алхамыг хийх боломжгүй. Харин тууштай байдал болон эхэлсэн ажил үр дүнтэй болох эсэхийг шийдвэрлэдэг. Муу санаа, муу ажил гэж байдаггүй бөгөөд эцсийг нь хүртэл явж чадсан хүн л амжилтанд хүрч чаддаг.

Таньд сонголт байна гэдэг илүү сайжруулах боломж байна гэсэн үг. Сонголт үргэлж л байдаг.

Advertisements