Согтууруулах ундаа нь органик химийн төрөлд багтах бөгөөд спиртүүдийн нэг хэлбэр юм. Цусаар дамжин хүний биеэр маш хурдан тархдаг учир төв мэдрэлийн системд маш хурдан нөлөөлж сэтгэцийг дарангуйлж эхэлдэг. Гэхдээ мэдээж уг процесст тухайн хүний бие махбодь, сэтгэлзүйн байдлаас болон тухайн хүн архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ хоол идсэн эсэх, хэр зэрэг жинтэй хүн болох зэргээс согтолтын түвшин янз бүр байдаг.

Архины шалтгаант сэтгэцийн болон биеийн өвчнүүд: Архинд донтох өвчин нь өөрөө сэтгэцийн өвчин хурцдах хүчин зүйл болдог. Урт хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх явцад энэ нь хүнийг архинаас хамааралтай буюу архинд донтоход хүргэдэг. Улмаар сэтгэцийн болон биеийн ямар нэг өвчин хослон илрэх явдал байж болно. Шинж тэмдгийн архидалтанд хүргэдэг сэтгэцийн өвчний тоонд шизофрени, үечилсэн солиорол, эпилепси, сэтгэцийн мэдэгдэхүйц өөрчлөлт бүхий тархины гэмтэл орно.

Архинд донтох өвчин ба шизофрени: Шизофрени бол гарал үүслийн хувьд дотоод шалтгаантай, олон янзын шинж тэмдэгтэй, явцын хувьд тасралтгүй даамжрах эсвэл үечлэн даамжрах, эсвэл эргэн засрах хэлбэртэй сэтгэцийн архаг өвчин юм. Шизофрени өвчтэй заримхүмүүс архинд донтох нь элбэг байдаг. Уг өвчтэй хүмүүс ганцаардмал байдлаасаа гарахын тулд бусадтай эсвэл ганцаараа архидаж болно. Тасралтгүй даамжрах явц бүхий шизофрени өвчтэй зарим хүмүүс архидах анхдагч дурандаа хөтлөгдөн өөрийн сэтгэл уналтын шинжийг тайлах зорилгоор согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг.

Архинд донтох өвчин ба эпилепси: Эпилепситэй хүмүүс зан сэтгэлийн тавгүй байдлаа архиар тайлах зорилгоор согтууруулах ундааны зүйлийг үе үе хэтрүүлэн хэрэглэх явдал байдаг. Энэ тохиолдолд архи даах чадвар өндөр  байхаас гадна олон хоногоор донтон архидах шинж илэрнэ. Ийм асуудалтай архидалт яваандаа архинд донтох өвчин болон хувирч болохоос гадна уналт  таталтын шинжийг сэдрээх юмуу эсвэл түүнийг төрүүлэгч хүчин зүйл болж болно.

Архинд донтох өвчин ба тархины гэмтэл: Удаан хугацаанд хяналтгүй олон жил архийг хэтрүүлэн хэрэглэсэн хүн тархиндаа гэмтэл авах нь түгээмэл үзэгдэл юм. Тархины гэмтэлтэй хүмүүс харьцангүй бага хэмжээний архи уугаад согтдог ба голдуу ойгүйдэх согтолт буюу архи уух үеийн үйл явцыг санадаггүй байна.

Харин архины нийгэмд үзүүлэх хор нөлөөний хувьд дэлхийн хэмжээнд урьдчилан сэргийлж болох өвчин, нас баралт, гэмтлийн шалтгаануудын нэг бол согтууруулах ундааны хэрэглээ гэж үздэг. Нийгэмд үзүүлэх хор нөлөөний хувьд:

Гэр бүлийн зөрчил маргаан: Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт зэрэг сөрөг үр дагаварууд үүсдэг. Энэ нь нийгмийн жижиг нэгж болох гэр бүлийн хувьд тулгамдаж буй томоохон асуудал байсаар байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин: Архидан согтуурах үед сэтгэл санаа хөөрөн баясаж, өөртөө  тавих хяналт сулардаг. Энэ нь бэлгийн замаар дамжих халдварт өвчиний эрсдэлийг ихэсгэдэг байна.

Осол гэмтэл: Судлаачдын үзэж байгаагаар ахуйн болон авто замын осол гэмтлийн 70 орчим хувь нь согтуурлах ундаа хэрэглэсэн байдаг байна.

Ашигласан материал:

Л. Эрдэнэбаяр “Сэтгэцийн эрүүл мэнд судлалын лекцүүд”, УБ., 2011

С. Бямбасүрэн “Согтуурал ба архидалт”, УБ., 1988

Advertisements