Гэр бүл салалтын хамгийн эмзэг асуудал бол хүүхдийн асуудал юм. Юуны өмнө хүүхдийн нийгэмшилд сөргөөр нөлөөлдөг. Гэр бүл салалт нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг эхийн хайр, халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдгээс хүүхэд эзэнгүйдэж сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй гаж зан үйлд татагдан орох нөхцөлийг бүрдүүлдэг.Тиймээс эцэг эхчүүд гэр бүл салалтын дараа хүүхэддээ илүү их цаг гаргаж, тэдэнд өмнөх шигээ аз жаргалтай байхад нь туслах хэрэгтэй. Энэ нь гэр бүл салалтын тухай мэдээг зөв тайлбарлахаас эхлэнэ. Ингээд хүүхдүүддээ дараах зүйлсийг заавал тайлбарлаж өгөөрэй.

  1. Энэ чиний алдаа биш. Хүүхэд тань 3 настай эсвэл 30 настай байсан ч эцэг эхийнхээ салсан шалтгааныг гайхдаг бөгөөд өөртэйгөө холбон ойлгох нь их байдаг. Тиймээс салах шийдвэрээ хүүхэддээ хэлэхдээ энэ нь түүнээс шалтгаалаагүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
  2. Сэтгэл санааны хувьд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүл салалт нь хүүхдэд эмзэг тусдаг учраас тэд эмзэг, ууртай, гунигтай болдог. Хүүхэддээ энэ үеүдийг урьдчилан сануулах хэрэгтэй бөгөөд хэрэв сөрөг сэтгэл хөдлөл мэдэрвэл түүнийгээ илэрхийлж болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна гэр бүл салалтын дараа уурлах, гуниглах зэрэг нь байх ёстой үзэгдэл гэдгийг ч мөн ойлгуулах.
  3. Хэрэв чи хүсвэл бусдаас тусламж авах ёстой. Хэдийгээр эцэг эх хоёр чинь тусдаа амьдарч байгаа боловч тэд чамд хайртай хэвээрээ бөгөөд чиний төлөө ямар нэг зүйл хийхэд бэлэн. Чи хүсвэл өмнөх шигээ тусламж, хайр, дэмжлэг хүсч болно. Зөвхөн эцэг эх гэлтгүй найз нөхөд, багш, сэтгэл судлаач зэрэг бусад хүмүүсийн тусламжийг ч авах боломжтой гэдгийг хэлэх.
  4. Эцэг эхчүүд хайраа илэрхийлэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг. Хүүхдүүд гэр бүл салалтын дараа ихэвчлэн ээж аав хоёр маань надад хайргүй болсон гэж ойлгодог. Хэрэв таны хүүхэд бага насны бол тэдэнд ээж аавууд хэрхэн өөрийн хайраа илэрхийлдэг болохыг тайлбарлаж өгөх. Тухайлбал зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ их цаг хугацааг зарцуулдаг, зарим нь дуртай зүйлсийг нь авч өгдөг гэх мэт.
  5. Эцэг эх чинь салсан нь чиний хэн гэдгийг тодорхойлохгүй. Гэр бүл сална гэдэг нь эцэг эхчүүд тусдаа амьдрахыг хэлдэг болохоос тэд өөрчлөгдөнө гэсэн үг биш. Тиймээс ч хүүхэд чинь бас өөрчлөгдөх ёсгүй гэдгийг тайлбарлах.
  6. Чиний эцэг эхтэйгээ харилцах харилцаа чинь бусад хүний үгнээс хамаарахгүй. Хүүхдийн тань эргэн тойронд байгаа хүмүүс гэр бүл салалтын тань тухай ярилцаж эсвэл тэдэнд муугаар хэлж магадгүй. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж бусад хүмүүс зүгээр л гэр бүл салалтыг харж байгаа болохоос ээж аавыг чинь бас салсан шалтгааныг мэдэхгүй гэдгийг хэлэх. Хүүхэд гэр бүл салалтын тухай бусад хүмүүс бус харин та хоёр түрүүлж тайлбарлах хэрэгтэй.
  7. Эцэг эхээ эвлэрүүлэх нь хүүхдийн үүрэг биш. Гэрлэлт гэдэг бол эхнэр нөхөр хоёрын сайн дурын үндсэн дээр хийдэг зүйл. Харин гэр бүлээ цуцлана гэдэг нь тухайн шийдвэрээ өөрчилж байгаа бөгөөд энэ нь хоёр хүний хувийн асуудал юм. Тиймээс эцэг эхээ эвлэрүүлнэ гэдэг хүүхдийн санаа зовох асуудал байх ёсгүйг хэлэх.
  8. Гэрлэлт гайхалтай байж болно. Олон жилийн дараа хүүхэд чинь гэр бүлтэй болох болно. Хэрэв хүүхэд тань эцэг эхийнхээ гэр бүл салалтыг хүндээр хүлээж авбал ирээдүйн гэрлэлтэндээ итгэлгүй болох болно. Тиймээс ээж аавын чинь гэрлэлт бүтэлгүйтнэ гэдэг чинийх ч бас тэгнэ гэсэн үг биш, маш олон гэр бүлүүд аз жаргалтай байж болдог. Тиймээс ирээдүйдээ санаа зовох хэрэггүй гэдгийг ойлгоход нь туслах.
  9. Амьдрал үргэлжилж байна. Гэр бүлийн чинь хувьд өөрчлөлт гарах нь хэцүү зүйл бололвч амьдрал үргэлжилж байгаа гэдгийг сануулах. Хүүхдээ өмнөх шигээ найзуудтай тоглож, аав ээжтэйгээ ярилцаж бас тэдэнд итгэж болно гэсэн итгэлийг өгөөрэй

Б.Ганзул

Advertisements